Цэвэр орчин бүрдүүлэх ажилд аймгаараа идэвхтэй оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-21 13:56:35

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өрнөсөн нийтийг хамарсан ажлын тухай багц мэдээ

Төв суурин газарт цэвэр орчин бүрдүүлэх, орчны эрүүл ахуйн байдлыг сайжруулах, хог хаягдлыг цэвэрлэх зорилгоор “Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах тухай” Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот албан даалгавар гарсан юм. Энэхүү даалгаварын хүрээнд сумдын Засаг дарга нарт тодорхой үүрэг даалгавар өгсөн бөгөөд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгодын ЗДТГ-аас өөр өөрийн онцлогт тохирсон ажлуудыг амжилтай зохион байгуулсан байна. Тухайлбал:

Шаамар сумынхан 20 гаруй тн хог хаягдлыг зориулалтын хогийн цэг рүү зөөжээ

Шаамар сумын 7 аж ахуйн нэгж, байгууллага, 170 гаруй иргэд энэхүү олон нийтийг хамарсан компанид ажилд оролцсон байна. Тэд орчин тойрныхоо хог хаягдлыг түүж цэвэрлэн нэгдсэн цэгт 8 машин хог хаягдал буулгаж ажиллажээ. Мөн сумын хэмжээний эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал хог цэвэрлэгээний ажлын төлөвлөгөөний дагуу эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх ажлыг сумын ЗДТГ-аас удирдан зохион байгуулж цэвэрлэгээний ажилд ЕББД сургуулийн 6-12 дугаар ангийн 11 бүлгийн 300-гаад сурагчид хамрагдан оролцжээ. Энэхүү ажлыг тодорхой маршрутын дагуу хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү сарын аяны хүрээнд албан байгууллага, худалдаа үйлчилгээний цэгүүд нь хог цэвэрлэгээ тохижилтийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн 7 хоног бүрийн 5 дахь өдөр бүр байгууллагын ойр орчмын зам талбайн хог хаягдлыг тухай бүрт цэвэрлэдэг болсон байна. Түүнчлэн худалдаа үйлчилгээний газрын хог хаягдлыг тухай бүрт нь хяналт тавьж, цэвэрлүүлэх ажлыг хариуцан хийлгэдэг болжээ.

Сүхбаатар сум гэр хорооллын иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлжээ

Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд Сүхбаатар сумын ЗДТГ-аас “Хог хаягдлыг буруулах” бүх нийтийн цэвэрлэгээг хийхдээ төлөвлөгөө гарган сумын Засаг даргаар батлуулан ажиллажээ. Сумын Тохижилт үйлчилгээний газартай хамтран Сүхбаатар сумын 8 багийн ард иргэдийн гэрээр явж хогийг нь ачиж, төв хогийн цэгт аваачин, ландфилийн аргаар булж устгасан байна. Сүхбаатар суманд төв нэг хогийн нэг цэгтэй. Сүхбаатар сумын хэмжээнд нийт 5354 тн хог цэвэрлэсэн байна. Үүнд төвлөрсөн хогийн 9 га талбай, гэр хорооллын 15 га талбайг бүхий 7 тн хог цэвэрлэжээ. Ингэснээр гэр хорооллын иргэдийн амьдрах орчин сайжирч, иргэдийн эрүүл, аюулгүй орчин бүрдэж байгаа аж. Мөн хотын өнгө үзэмж ч сэргэж байгаа юм.

Хушаат сум эзэнгүй ахуйн хог хаягдал хаях явдлаас урьдчилан сэргийлэн ажиллажээ

Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас байгаль хамгаалах болон ус үндэсний хөтөлбөрийн хүрээнд сумын төвийн нийтийн их цэвэрлэгээг 2 удаа явуулсан байна. Энд төр төсвийн болон 8 аж ахуйн нэгж, байгууллага, ЕБС-ийн 6-9-р ангийн 76 сурагч, 80 иргэн хамрагджээ. Уг ажлын хүрээнд 3 тн эзэнгүй ахуйн хог хаягдлыг зайлуулжээ. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЗДТГ-аас улирал бүр нийтийн их цэвэрлэгээг тогтмол явуулж, булаг шанд, нуур, рашааны хаягжуулалтыг гүйцээн, эзэнгүй ахуйн хог хаягдал хаях явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хяналтыг сайжруулан ажиллаж байгаа ажээ.  

Алтанбулаг сум хогийн төлөрсөн цэгтэй болсноор хүмүүс хээр гарч хог хаягдал хаях нь багасчээ

Алтанбулаг сум гэр хорооллын нийт 502.2 га талбайтай. Сумынхаа 1, 2-р багийн Засаг даргатай хамтран гэр хорооллын айлуудыг цэвэрлэгээнд гарган ойр орчмын хогийг цэвэрлүүлж, 30 тн хог хаягдлыг хогийн цэгт тээвэрлүүлсэн байна. Мөн сумын төвийн орон сууцны 64 айлын иргэд ойр орчмоо цэвэрлэж, 6 тн хогийг хогийг цэгт хүргүүлжээ. Сумынхаа нийтийн эзэмшлийн зам талбай, хил орчимд төмөр хогийн сав суурилуулахын зэрэгцээ сумын төвийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ч  гадна талдаа хог хаях савыг байрлуулсан байна.

Баянгол сум баасан, бямба гарагийг бүх нийтийн хог цэвэрлэгээний өдөр болгожээ

Тус сумын Засаг даргын “Бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулах тухай” А/82 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор нийт иргэдийг бүх нийтийн хог цэвэрлэгээнд гаргах ажлыг багийн Засаг дарга нар, байгаль хамгаалагчид зохион байгуулан ажилладаг байна. Мөн сумын ЗДТГ-ын ажилтан албан хаагчид өөрсдийн хуваарьтай айл өрхүүдийг хог цэвэрлэгээнд гарган гүйцэтгэлд нь хяналт тавьж ажилладаг болжээ.

Баянгол сум сумын Засаг даргын захирамжаар 7 хоног бүрийн баасан, бямба гарагийг бүх нийтийн хог цэвэрлэгээний өдөр болгон зарласан байна. Сумын ЗДТГ-аас энэхүү ажилд хяналт тавин ажилладаг байна.

Ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлжээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас “Хоггүй орчин-2016” сарын ажлын хүрээнд иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор сумын Засаг даргын А/47 тоот захирамж гарган ажиллажээ. Захирамжаар өгөгдсөн үүрэг даалгаварын дагуу “Хоггүй орчин-2016” аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсэн байна. Сумын төвд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэг, дулааны станц, шатахуун түгээх станц зэрэг албан газрууд, худалдаа үйлчилгээний газруудад орчныхоо хогийг цэвэрлэх талаар албан мэдэгдэл хүргүүлж, хог цэвэрлэгээний ажилд гаргажээ. Энэ арга хэмжээнд 130 гаруй худалдаа, үйлчилгээ төсвийн байгуулллагын ажилчид хамрагдаж, 10 тн орчим хог хаягдлыг цэвэрлэжээ.

Хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх аян зарлажээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ-аас Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, хоггүй цэвэр орчинд амьдрахад иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх үүднээс төр, төсвийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагууд, залуу үе, хүүхэд залуучуудын 40 гаруй төлөөлөл оролцсон “Хоггүй эрүүл орчинд амьдрахад бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Сайхан сумын хэмжээнд хог ихээр хуримтлагдан үүсч буй газрууд нь байрнуудын ар, үерийн далан шуудуу, грашуудын орчим болон засмал зам дагуу байсан байна. Эдгээр газруудад бүх нийтийн цэвэрлэгээний үеэр цугларч буй хог хаягдлын нэлээд хэсгийг архины шил, пивоны лааз эзэлж байжээ. Иймээс 10-р сарыг “Нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сар болгон зарлаж, нийгэмд зөв хандлага түгээх томоохон ач холбогдол, үр нөлөө бүхий ажлуудыг сумын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллажээ. Мөн граш орчимд хур хог ихээр үүссэн байсан тул граштай иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, граш эзэмшигч иргэдтэй хог хаягдлын гэрээ байгуулах, дутуу баригдсан грашуудын барилгыг бүрэн барьж дуусгах, эзэмшлийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй граш эзэмшигч иргэдийн газрыг дахин төлөвлөлтөнд оруулах зэрэг ажлуудыг авч хэрэгжүүлсэн байна. Энэхүү бүх нийтийн цэвэрлэгээний ажил нь зөвхөн сумын нутаг дэвсгэрийг хоггүй цэвэр болгоод зогсохгүй цаашид тодорхой зорилго чиглэлтэйгээр авч хэрэгжүүлбэл зохих олон ажлуудын үндсийг тавьсан үр дүнтэй ажил болжээ.

Хогийн нэгдсэн цэгийн тэлэлтийг багасгана

Мандал сумын хэмжээнд хог хаягдлын тухай хуулийг сурталчилж “Эрүүл орчин-Хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Тус хэлэлцүүлэгт Засаг дарга болон ЗДТГ-ын албан хаагчид, 7 багийн Засаг дарга нар, багуудын хэсгийн дарга нар, ААНБ-уудын менежер болон сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар хамрагджээ. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд сумын Засаг даргын захирамж гаргуулж сар бүрийн эхний долоо хоногийг нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарладаг болжээ. Мандал сумын тухайд энэхүү хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын зохион байгуулснаар Мандал сумын иргэдийн эх оронч хандлагыг сэргээж, хоггүй эрүүл цэвэр хот болгох дараа дараагийн олон ажлыг хийж гүйцэтгэх үндэс суурь болсон байна. Дээрх ажлын хүрээнд хог хаягдлын нийт талбайн тархалтын 44 хувийг эрүүлжүүлж, 2.4 га-аар хумьжээ. Цаашдаа хог хаягдлын менежментийг сайжруулж, олон нийтийн идэвхи санаачлагыг нэмэгдүүлэн, хогийн нэгдсэн цэгийн тархалт болон бохирдлыг бууруулан ажиллахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.      

 Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ