Монгол Улс алт олборлолтоор Ази тивд зургадугаарт оржээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-11-21 14:00:21

ШИНЭ ДЕЛИ. /business.inquirer.net/. Ази тивийн орнуудын олборлосон нийт алтны 91 хувийг зургаан улс олборлосон байна.

Хятад, Индонез, Узбекистан, Казахстан, Филиппин болон Монгол гэсэн зургаан улс алт олборлолтын хэмжээгээр тивдээ тэргүүлж байна.

Эдгээр зургаан улсын нэгдүгээрт нь бичигдсэн Хятад улс 2012 онд энэ үнэт металл олборлолтоор тэргүүлэгч болжээ. Тус улс 2004 онд 12  тонн алт олборлож байсан бол 2013 онд энэ тоо 397 тонн болж эрс нэмэгджээ.

Үнэт металл судлалын чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг “GFMS” компаниас гаргасан “GFMS Gold Survey 2016” судалгаанд дурдсанаар, Хятад улс 2015 онд 458.1 тонн алт олборлосон байна. Энэ нь өмнөх оныхоос 14 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд түүхэн дээд үзүүлэлт аж.

Хятадын дараа Индонез улс орж байна. Зүүн Өмнөд Азийн энэ улс 2015 онд 134.3 тонн алт олборложээ.

Төв Азийн Узбекистан улс алт олборлолтоор Ази тивд гуравдугаарт оржээ. Тус улс өнгөрсөн онд 83.2 тонн алт олборлосон байна.

Жагсаалтын дөрөв, тав болон зургадугаарт Казахстан, Филиппин болон Монгол тус тус оржээ. Өнгөрсөн онд Казахстан улс 47.5 тонн алт, Филиппин 46.8 тонн алт олборлосон бол Монгол Улс 31.3 тонн алт олборложээ.

Судалгаанаас үзвэл, 2015 онд дэлхийн хэмжээнд алт олборлолт ердөө 1 хувиар өсөн 3158 тонн болжээ. Алт олборлолт долоон жил дараалан нэмэгдсэн нь энэ юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ