Завханд сүүлийн 10 жилд хур тунадас их хэмжээгээр оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-23 18:07:09

Завхан аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлүүдийн хувьсал өөрчлөлтөд судалгаа хийж танилцууллаа.

Тухайлбал уур амьсгалын өөрчлөлт Завхан аймгийн нутагт сүүлийн 21 жилд хэрхэн явагдаж байгаа талаар харуулахын тулд газарзүйн өөр өөр бүс нутагт орших долоон өртөөний агаарын температур, хур тунадасны өөрчлөлтийг авч үзсэн байна. Завхан аймгийн нутгаар агаарын температурын жилийн дундаж  (-2.2-(-6.8))С-ын хооронд хэлбэлзэнэ. 1940-1975 онд буюу 35 жилд агаарын жилийн дундаж температур 0.19С–аар нэмэгдсэн ба 1976 оноос хойш 2016 он хүртэл сүүлийн 40  жилд 2.1С-аар дулаарсан байдаг. Агаарын дундаж температур сүүлийн 20 жилд дунджаар 0.7 градусаар дулаарсан байна.

Харин сүүлийн арван жилийн IV-IX сард 0.5-1.3 градусаар дулаарсан, харин өвлийн улиралд буюу XII, I, II дугаар саруудад 0.9-2.9 градусаар хүйтэрсэн байна. Энэ жил гэхэд олон жилийн дунджаас илүү хур тунадас орж цочир хүйтэрчээ.

Нутаг дэвсгэрийн хуваарилалтын хувьд хур тунадас харилцан адилгүй байна. Тодруулбал зуны борооны шинж байдал өөрчлөгдөж, зүсрэн орох борооны тохиолдол багасаж, аадар бороотой өдрийн тоо өссөн байна. Нийт аюултай үзэгдлийн 30 орчим хувийг конвекцийн гаралтай үзэгдлүүд эзэлж байна хэмээн аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний газраас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ