Интернэт хэрэглэгчдийн тоогоор Монгол Улс 90 дүгээрт орж байна

Дэлхийд | Боловсрол
dorjkhand@montsame.mn
2016-11-24 14:18:41

СӨҮЛ. /Yonhap/. Интернэт болон мэдээлэл технологийн бусад хэрэгслийг ашиглаж буй хэрэглэгчдийн тоогоор Өмнөд Солонгос дэлхийд нэгдүгээрт орж байна гэж НҮБ-ын агентлаг мэдэгдлээ. Тус улс энэ үзүүлэлтээр хоёр жил дараалан тэргүүллээ.

Харилцаа холбооны салбарын олон улсын холбоо /The International Telecommunication Union/ дэлхийн 175 улсыг хамруулсан жил тутмын “ICT development index-2016” буюу мэдээлэл, харилцаа холбооны технологийн хєгжлийн итгэлцүүрийг мягмар гарагт гаргажээ. Уг тайланд гар утас, интернэт болон өндөр хурдны, өндөр хүчин чадлын мэдээлэл харилцаа холбооны хэрэгслийг ашиглаж буй байдлаар нь улс орнуудыг жагсаажээ.

Исланд уг индексийн хоёрдугаарт орсон бол Дани, Швейцарь болон Их Британи гурав, дөрөв ба тавдугаар байрт оржээ.

Япон улс 10, АНУ 15, ОХУ 43 дугаарт жагссан бол БНХАУ 81 дүгээрт жагссан байна. Харин Монгол Улс 175 улс орноос 90 дүгээрт жагсчээ.

Тус байгууллагын тайланд дурдсанаар, одоогоор дэлхийн нийт хүн амын тал хувь буюу 3.5 тэрбум орчим хүн интернэт ашиглаж байна. Энэ нь 2010 оныхоос /2 тэрбум орчим хүн/ эрс өссөн үзүүлэлт юм. Аж үйлдвэр өндөр хөгжсөн болон хөгжиж буй улс орнуудад гар утас, интернэт хэрэглэгчдийн тооны ялгаа улам нэмэгдсээр байна. Хөгжиж буй улсуудынхтай харьцуулахад хөгжингүй улсуудад эдгээр технологийг ашиглаж хэрэглэдэг хүмүүсийн тоо бараг хоёр дахин олон байна. Энэ нь боловсрол болон орлогын ялгаатай холботой ажээ./2016.11.23/

/http://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20161123_13//

Г.Доржханд

 


 

Холбоотой мэдээ