"Босоо бичиг" нэртэй үзэсгэлэн нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-24 17:26:32

 Энэ сарын 24-нд Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд  “Босоо бичиг”  нэртэй  уран бичлэгийн үзэсгэлэн нээгдлээ.

Үндэсний монгол бичгийг олон нийтэд  таниулан сурталчлах, бийр бэхийн уран тансаг дүрслэлийг  олон нийтэд түгээх, уран бичлэгээр бичдэг залуусыг нэгтгэх мөн  иргэдийг монгол бичгээрээ зөв сайхан бичиж сураасай гэсэн зорилгоор залуу уран бүтээлч Ч.Эрдэнэбаатар, Г.Мөнхзаяа, Э.Цэвэгсүрэн нар энэхүү үзэсэлэнг хамтран дэглэжээ.

 Эл үзэсгэлэнгийн талаар залуу уран бүтээлч  Э.Цэвэгсүрэн  ”Би 2016 онд УБИС-ийг монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Оюутан байхаасаа л уран бичлэгийн сонирхож оролдож эхэлсэн. Өнөөдрийн үзэсгэлэнд 14 бүтээлээ дэлгэлээ. Хүн бүхэн монгол бичгээрээ зөв, гаргацтай бичиж сурах ёстой гэж боддог учраас өөрийнхөө бодол санааг бийр бэхээр илэрхийлэхийг хичээсэн. Байгууллагууд монгол бичгээрээ хаягаа бичдэг байх ёстой гэсэн үүднээс  “Мобиком”, Жимобайл, “Скайтел”, “Юнител” гээд үүрэн холбооны операторуудын нэр, мөн “Элгэмсэг Сайн шандад минь тавтай морил”, “Үлэмжийн чанар”, “Ханбаянзүрх хайрхан гээд говийнхоо алдартай уул ус, уран бүтээлийн нэрийг бичлээ.

Өглөө болгон цайныхаа  дээжийг  нар сарандаа өргөдөг эмэгтэй хүний хувьд нар саранд өргөдөг ерөөлийн үгийг  бичсэн. Монгол хэлний багш учраас уран бичлэгийг бичвэр талаас нь илүү сонирхдог. Зураач, урчууд бол арай өөр өнцгөөс бичих байх. Бийр бэхээр хэрхэн яаж бичдэг талаар  одоог хүртэл би суралцсаар байгаа. Аливаа зүйл байнга өргөжин дэвждэг болохоор хийсэн бүхэн маань улам сайн, сайхан болох болтугай  гэж л бодож туурвидаг” гэв.

Залуу уран  бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ