Ойн нөхөн сэргээлтийн талаар зөвлөмж хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-28 12:43:30

Архангай аймгийн аудитын газраас ойжуулалт, ойн цэвэрлэгээнд зарцуулсан хөрөнгийн үр дүнд гүйцэтгэлийн аудит хийж, Засаг дарга Ц.Мөнхнасан болон байгаль орчин аялал жуучлалын газрын дарга Н.Баянмөнх нарт зөвлөмж хүргүүлжээ.

Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлснээр ойн санг нөхөн сэргээх, ойжуулах талаар орон нутгийн бодлого төлөвлөгөө тодорхой болж, хэрэгжилтийг хангуулснаар Архангайн ойн сан нэмэгдэх, байгалийн аясаар сэргэн ургах, нөхцлийг бүрдүүлэх, ойгоос олох орлого, ажлын байр нэмэгдэх зэрэг экологийн болон эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой үр дүнтэй ажил болох аж.

Түүнчлэн аймаг орон нутагт хийгдэх ойжуулалтын ажлын төлөвлөгөө тодорхой болж, уг ажлыг чанартай үр ашигтай гүйцэтгэх, үр дүнг тооцох, цаашид авах арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх зэрэг өгөөжтэй хэмээн аудитын газраас зөвлөжээ.

Зөвлөмжид, “Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.10 дахь заалтыг хэрэгжүүлж ой бүхий сумдын Ойн менежмент төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж үр дүнг аймгийн ИТХ-д хүргүүлэх, орон нутгийн төсвөөс ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагаанд зарцуулах зардлын хэмжээг ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын 85 хувиар тооцон төлөвлөж батлуулах, ойн цэвэрлэгээ хийж байгаа иргэн, ААН, байгууллагыг бодитойгоор дэмжин урамшуулах талаар орон нутгийн бодлого шийдвэрт тусгаж, үйл ажиллагааг нь чиглүүлэн ажиллах талаар тодорхой арга хэмжээг авах, аймгийн ойн менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, нэн даруй батлуулах, уг төлөвлөгөөнд ойжуулалт хийх газар талбайг дэс дараатайгаар тусгах, хэрэгжилтийг хэзээ, хэнд, хэрхэн тайлагнах, төлөвлөгөөний үр дүнг хэрхэн тооцох талаар тодорхой тусгах тухай” заалтуудыг тусгажээ.

Л.Булган

Холбоотой мэдээ