Сурагчдын харааг сайжруулах төсөл таван жил хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 18:17:12

ОРБИС олон улсын байгууллага, ЭХЭМҮТ хамтран “Монголын нүд судлалын шилдэг загвар – хүүхдийн хараа хамгаалах сүлжээ” төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхээр болоод байна.

Төслийн хүрээнд “Хүүхдийн харааны чадал шалгах аргачлал, хүүхдийн нүдний эрүүл мэндийг хамгаалах программ хангамж” сургалтыг ЭХЭМҮТ-өөс Өвөрхангай аймгийн БОЭТ-тэй хамтран өнгөрөгч долоо хоногт зохион байгууллаа.

Сургалтанд ЕБС-ийн болон сум, өрхийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан зэрэг хүмүүс хамрагдаж, хүүхдийн хараа шалгах, үнэлэх аргачлалд суралцан гарын авлага, бусад сургалт, сурталчилгааны материалаар хангагдсан ба сургагч багшийн үнэмлэх авла. Сургагч багш нар сум орон нутгийнхаа  12-оос дээш насны хүүхдийн нүдний харааг эмчлэн эрүүлжүүлэх, нүдний зөв шил тааруулах, харааны гажигтай сурагчдыг эрт илрүүлж нүдний эмч рүү илгээж, сурагчдын мэдээллийг программд оруулах зэргээр ажиллах юм.

Төслийн хүрээнд  2015 онд Арвайхээр сумын ЕБС-ын сурагчдын харааг шалгаж, харааны гажгаас урьдчилан сэргийлэх үзлэг бол 2016 оноос бусад сумдад ажиллаж эхэлнэ. Тус төсөл 2019 он хүртэл 5 жилийн хугацаанд хэрэгжих юм байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ