Бичил уурхайг албажуулахад салбарынхан санал бодлоо уралдуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-06 17:39:57

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг маргааш Чингис зочид буудалд зохион байгуулах юм байна.

 Тус чуулганаар бичил уурхайг зохион байгуулах, албажуулах үйл ажиллагаанд талуудын оролцоог нэмэгдүүлэх, бичил уурхайгаар олборлосон эрдэс баялгийн борлуулалтын сүлжээг албажуулах боломжит хувилбарыг хэлэлцэж шийдэл олох юм байна.

Мөн бичил уурхайг зохион байгуулах, албажуулах үйл явц болон эрдэс баялгийн борлуулалтын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар бодлогын санал, зөвлөмж гаргах аж. Чуулганы үр дүнд бичил уурхайг зохион байгуулах, албажуулах талаарх төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирна гэж зохион байгуулагчид нь дүгнэж байна.

Дашрамд дурдахад 2010 онд “Ашигт малтмалын тухай хууль” болон бусад холбогдох хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” батлагдаж хэрэгжиж эхэлснээр бичил уурхай албажих эхний  шатыг тавьсан.

Б.Заяа

Холбоотой мэдээ