Ц.Баярмаа: Манай иргэд өөрийнхөө төлөө санаа тавьдаг байгаасай гэж үнэн сэтгэлээсээ боддог юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-09 23:45:07

Хэнтий аймгийн Эрүүл мэнд Нийгмийн Даатгалын Хэлтэс /ЭМНДХ/-ийн даргаар саяхан томилогдоод буй Ц.Баярмаа даргыг урьж ярилцлаа. Угтаа шинэ гэхээсээ илүүтэй “гэртээ эргэн ирсэн” эрхэм бүсгүйтэй их ажлынх нь хажуугаар товч хөөрөлдөв.

- Хэнтий аймгийн ЭМНДХ-ийн даргаар хэзээ томилогдов? Өнгөрсөн хугацаанд хаана ямар алба хашиж байв?

-Төрийн алба гэдэг сэлгэж, шилжиж ажилладаг жамтай учраас энэ дагуу 2013 оны нэгдүгээр сараас Булган аймгийн НДХ-ийн даргаар томилогдож явсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд ажлаасаа чөлөөлөгдөж, зээгээ харж гэртээ сууж үзлээ. Ингээд Шүүхийн шийдвэрээр эргэн Булган аймагтаа томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн  ЭМНДХ-ийн даргаар томилогдож, ажлаа хүлээн аваад байна.

- Аймгуудын ЭМНДХ-ийн дарга нарыг хаанаас хэн томилдог юм бэ?

-Хуучин НДЕГ аймгийн Засаг даргатай зөвшилцөж, аймгийн НДХ-ийн даргыг томилно гэсэн заалт байсан бол шинэ хуулиар ЭМНДЕГ  Үндэсний зөвлөлтэйгөө зөвшилцөж аймгийн ЭМНДХ-ийн даргыг томилно гэсэн заалттай болсон. Үндсэндээ сайдын эрхлэх асуудлын хүрээнд томилгоо хийдэг гэж ойлгож болно. Миний сэлгэн ажиллах хугацаа дууссан учраас Ерөнхий газарт хүсэлтээ гаргаад, энэ дагуу Хэнтий аймагтаа томилогдоод байна. Таны хэлсэнчлэн гэрээсээ ажилдаа явах сайхан байлгүй яахав. Өдий миний насны хүн өөр аймагт гэр бүл, үр хүүхдүүдээсээ хол түр оршин сууж, суурьшиж ажиллана гэдэг нэлээд зүрх зориг шаардсан шийдвэр байжээ гэж одоо боддог юм.

-Таныг Нийгмийн даатгалын энэ салбартаа нэлээд олон жил ажиллаж байгааг мэдэх юм байна. Ажлын гараа хаанаас эхэлж энд хүрэв?

-Би анх 1984 онд Эвлэлийн төв хорооны илгээлтээр аймгийн ХЗЭ-ийн хороонд батлах тоо бүртгэлийн зааварлагчаар ажилд ороод 1988 оноос нягтлан бодогч болсон юм. Ингээд 1990 оны алдарт 20 дугаар тогтоол гарч  аймгийн ХЗЭ-ийн хороо татан буугдаж, ажилгүй болж байлаа. Удалгүй 1991 оны нэгдүгээр сараас одоогийн манай хэлтэс буюу хуучнаар Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст хөдөлмөрийн захын хөдөлмөр зохицуулагч, нийгмийн даатгалын шимтгэл хариуцсан байцаагч, тэтгэврийн байцаагч, шимтгэл орлогын байцаагч, хяналтын байцаагч, ахлах байцаагчаар тус тус дэвшин ажиллаж байгаад 2000 оноос хэлтсийн даргын үүрэгт ажлыг хүлээн авсан байдаг юм. Ингээд 12 жил хэлтсийн даргаар Хэнтий аймагтаа ажиллаж байгаад Булган аймагт томилогдсон. Энэ салбартаа тасралтгүй 26 дахь жилдээ, үүнээс удирдах ажилтнаар 16 дахь жилдээ ажиллаж байна.

- 12 жил энэ байгууллагын өрхийн тэргүүнээр ажилласан хүн эргээд ирэхэд ямар өсөлттэй, өөрчлөлттэй байгууллага, хамт олон таныг угтан авав?

-Ерөнхийдөө ажилтайгаа танилцах шатандаа л явна. Бид 2004 онд энэ конторын барилгыг 79 сая төгрөгөөр бариулсан юм. Эргээд ирэхэд гурван давхар болсон нь сайхан санагдаж байна. Гэхдээ 2013 онд дээврийг нь шинэчлээд, жил бололгүй гурван давхар болгосон нь хайран хөрөнгө дөө л гэж бодогдож байлаа. Мэдээж 3 давхар болсон нь ажлын байрны зохион байгуулалт, аймаг орон нутагт нэмэгдсэн бүтээн байгуулалт гэдэг талаасаа сайхан боловч дээврийг нь жаахан муухан хийчихсэн юмуу даа гэмээр ус гоожиж, өнгө алдсан байна. Гэхдээ энэ салбарт оруулсан том хөрөнгө оруулалт, их том ажлыг шийдсэнд баяртай байна.

- Барилга байгууламжийн хувьд ийм байж. Байгууллагын дотоод ажлын хувьд хэр явна. Танайхыг 5 тэрбум гаруй төгрөгийн авлагатай болсон гэсэн мэдээлэл байгаа?

- Тийм ээ. Одоогийн байдлаар манай байгууллага нийт 5 тэрбум 579.5 сая төгрөгийн авлагатай байна. Үүнээс  Бор-Өндөрийн УБҮ дийлэнх буюу 5 тэрбум 66,9 сая төгрөг,  Бэрх-Уул ХК 60 сая, Хэнтий-Ус  ХХК 82 сая, төсөвт байгууллагуудаас нийт 117,9 сая төгрөгийн авлагатай болсон байна. Бор-Өндөрийн УБҮ нь манай том ажил олгогчдын нэг учраас нэлээд хүч тавьж, хөөцөлдөж байж, НДШ-ийг нь төлүүлдэг байсан. Энэ хөөцөлдөлгөө жаахан дутагдаа юу даа, дээрээс нь улс орны эдийн засаг нөлөөлсөн нь дамжиггүй.

- Та хэдэн төгрөгийн авлага, өглөгтэй байгууллага Д.Өнөрцэцэг даргад хүлээлгэж өгсөн юм бэ?

-Ер нь жил бүр дунджаар 200-300 сая төгрөгийн авлагын үлдэгдэл гардаг байсан. 2012 онд манай хамт олон маш сайн ажиллаж, нийт авлагын дийлэнхийг эзэлж байсан Бэрх-Уул ХК ч өр авлагаа барагдуулж, 45 сая төгрөгийн авлага үлдсэн юм. Үүнийг би ажлаа хүлээлгэж өгөхдөө баяртайгаар дурдаж байснаа тод санаж байна. Харин өнөөдөр байдал ийм л байна. Жаахан харамсч л байна. Барагдуулахын төлөө, байгууллагынхаа ажил үйлчилгээг илүү сайжруулахын төлөө хамт олонтойгоо нэг баг болж ажиллана.

-Эрүүл Мэнд Нийгмийн даатгалын хэлтсээс иргэн ямар үйлчилгээ авах эрх, үүрэгтэй байдаг вэ? Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?

-Ажил олгогч, даатгуулагч иргэн авч байгаа цалин түүнтэй адилтгах орлогоосоо Тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэнд, Ажилгүйдэл, Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал гэсэн 5 санд НДШ төлдөг.  Ер нь хүний эхээс төрөх, ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал зохиох, ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртэлх амьдралын бүхий л цаг хугацаанд нийгмийн зүгээс учирч болох эрсдлүүдийг нөхөж байдаг гэж хэлж болно. Тодруулбал Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, Тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас хэвтэн эмчлүүлэгчийн зардал, эмийн үнийн хөнгөлөлт, Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, сургалтын зардал, Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалаас мөн тэтгэвэр, тэтгэмжийг олгодог. Гэхдээ энэ нь шимтгэл төлөгч ажил олгогч, иргэн хүнд л үйлчилдэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн ажил хийдэг хүн НДШ төлөөд дээрх үйлчилгээг авахаас гадна ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд ч сайн дурын даатгалд даатгуулаад дээрх тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авах эрх ижилхэн үүсдэг.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийдэг иргэд, аж ахуйн нэгжүүд хэр олон байна вэ?

-Татварт бүртгэлтэй байгууллага бүхэн манайд шимтгэл төлөх ёстой, цалин орлогоо үнэн зөвөөр нь мэдээлэх үүрэгтэй. Гэтэл цалин орлогоо нуудаг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгал төлдөг, эсвэл огт төлдөггүй ажил олгогч ч байна. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс болж аливаа эрсдлийг иргэн хүн өөрөө л үүрэх болж байгаа хэрэг юм.

Манай хувийн хэвшлийнхэн ажилтандаа авдаг цалингаас чинь татварт 10%, Нийгмийн даатгалд 10% авна, тэгэхээр чамд юу очих уу гэсэн маягтай сөрөг сурталчилгаа хийж, шууд цалингаа гар дээрээс өгч авалцах тохироо их хийдэг юм билээ. Энэ бол маш буруу зүйл гэдгийг ажилтан, ажил олгогч хоёулаа ойлгож, хууль журмын дагуу явах ёстой.

-ЭМД-ын шимтгэл төлөөгүй иргэдэд он гаргаад хоёр дахин торгууль ногдуулах юм гэсэн. Энэ үнэн үү?

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 25.2.1-д малчид, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд, оюутан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөөгүй бол тухайн жилийн төлбөл зохих шимтгэлийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Иймд иргэд та бүхэндээ хандаж, 2016 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ 2016 оны 12 сарын 31-ний дотор төлсөн байх ёстой гэдгийг хэлэх байна.

-Танай хэлтэст ханддаг хүмүүсийн дийлэнх хувийг тэтгэвэр тэтгэмж тогтоолгох асуудлаар олон ирж очдог хүмүүс эзэлдэг гэж дуулддаг?

Манай иргэд өөрийнхөө төлөө өөрсдөө санаа тавьдаг байгаасай гэж би үнэн сэтгэлээсээ боддог юм. Жишээ нь ажилд орсон гарсан тушаалаа Нийгмийн даатгалын дэвтэр дээрээ бичигдэж байгаа эсэхийг шалгаж байх, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөгдөж байгаа эсэхэд хяналт тавьж байх хэрэгтэй. Ядаж л нийгмийн даатгалын дэвтэр дээрх цалингийн баталгаажуулалтад тэмдэг дарагдсан эсэхийг харж, хянаж, мэддэг байх ёстой. Ингээгүйгээс болж тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар манай байгууллагад хандаж, материал дутуугаас буцаагдах болдог. Энэ хэрээрээ Нийгмийн даатгалынхан хүнд сурталтай гэсэн яриа гаргадаг. Ер нь байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүд хүнээ гэсэн маш өгөөмөр сайхан сэтгэлээр ажиллах ёстой гэж боддог юм. Жил бүр тухайн байгууллагаас хэдэн арваараа хүн тэтгэвэрт гардаггүй шүү дээ. Цөөн хэдэн гарах хүнийхээ материалыг манай ажилтнуудад авчирч үзүүлж, зөвлөгөө авч, архиваас дутуу материалыг нь бүрдүүлж, тухайн ажилтнаа гавьяаны амралтдаа гарахад нь сэтгэл дүүрэн үдэн гаргаж байгаасай гэж уриалмаар санагддаг юм. Жишээ дурдахад манай Мэдээлэл Холбоо Сүлжээ ТӨК-ийнхан ийм сайхан туршлагатай хамт олон байсан.

- Хамгийн сүүлийн үеийн статистик тоон мэдээллээс бидэнтэй хуваалцвал?

-Аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс нь энэ оны 11 дүгээр сарын байдлаар нийгмийн даатгалын санд 13 тэрбум 687,1 сая төгрөгийн шимтгэл төвлөрүүлэхээс 12 тэрбум 887,0 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 94.1 хувьтай биелүүлэн ажилласан байна. Мөн аймгийн хэмжээнд 1049 ажил олгогчийн 11585 даатгуулагчийн шимтгэл төлөлтийн тооцоог хийж, сайн дурын даатгалд 6290 даатгуулагч, эрүүл мэндийн даатгалд 8671 иргэнийг тус тус хамруулсан байна. Түүнчлэн Тэтгэврийн даатгалын сангаас 9983 даатгуулагчдад 34 тэрбум 112,2 сая төгрөгийн тэтгэвэр, 3784 тэтгэмж авагчдад 1 тэрбум 723,2 сая төгрөгийн тэтгэмж, эмчилгээ үйлчилгээ, рашаан сувиллын төлбөрт 3 тэрбум 500,0 сая, эмийн үнийн хөнгөлөлтөд 249,3 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд мөн адил ажлын амжилт, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ