Орлого нэмэгдүүлж, зарлага танах зарчмаар ирэх оны төсвөө батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-10 17:25:14

Баянхонгор аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн  дөрөвдүгээр хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Аймгийн нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөөллийг батлах, ирэх оны төсвийн төслийг батлах, аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцсэн.

Аймгийн Нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг “Бүтээх чадвартай өндөр мэргэшсэн ажиллах хүчнээр хангагдсан, унаган байгаль экологийн тэнцвэрийг хадгалж, байгаль орчныхоо онцлогт зохицсон, эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлал хосолсон, экспортод чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол Улсын тэргүүлэх аймгуудын нэг болно” гэх зорилго тавьжээ. Ингэхдээ Хүний хөгжил, нийгмийн бодлого, Эдийн засгийн өсөлт, үйлдвэржилтийн бодлого, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Дэд бүтцийн хөгжлийн бодлого, Засаглал, гадаад харилцаа, нийгмийн аюулгүй байдлыг хангах бодлого гэсэн 5 бодлогын хүрээнд 149 заалт бүхий үндсэн чиглэлийг баталлаа.

                      

                   Орлого нэмэгдүүлж, зарлага танах зарчмаар төсвөө батлав

УИХ-аас “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэн батлахдаа санхүү, төсвийн хүндрэлтэй холбоотойгоор ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах  гол зарчим баримталсан байна.

Аймгийн төсвийн нийт зарлага 2016 онд  61.0 тэрбум төгрөг байсан бол 2017 онд 57.9 тэрбум төгрөг болж 3.1 тэрбум төгрөгөөр буурууллаа. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын 2016 оны нийт зарлага 36.5 тэрбум төгрөг байсан бол 2017 онд 37.7 тэрбум төгрөг болж 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин Орон нутгийн төсөвт байгууллагуудын нийт зарлага 18.1 тэрбум төгрөг байсан бол 2017 онд 16.3 тэрбум төгрөг болж 1.8 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Аймгийн төсвийн суурь орлогыг Сангийн  яамнаас  5662.4 сая төгрөгөөр хянасныг 7084.2 сая төгрөг болгож, 1421.8 сая төгрөгөөр  нэмэгдүүлж тооцлоо. Үүний 935.0 сая төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сан, 486.8 саяыг орон нутгийн төсөвт зарцуулахаар төлөвлөсөн. Мөн 2016 оны төсвийн орлогыг 143.6 сая төгрөгөөр давуулж 2017 онд зарцуулахаар төлөвлөжээ.

Ийнхүү аймгийн 2016 оны төсөл арга хэмжээний зардлыг 118 178.60 мянган төгрөгөөр, 2016 оны тасарч байгаа орлого төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй хөрөнгө борлуулсны орлогыг 390 000.0 мянгаар, эх үүсвэрийг 450 000.0 мянган төгрөгөөр, хэмнэгдэж байгаа зардлыг 58 178.60 мянган төгрөгөөр тус тус тодотголоо.

                      

                      Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид АН-ын төлөөллийг нөхөн сонголоо

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг ИТХ-ын анхдугаар хуралдаанаар баталж, МАН-аас ИТХ-д сонгогдсон 11 төлөөлөгч тэргүүлэгчээр сонгогдсон юм. Тус хуралдааны үеэр МАН болон АН-ын төлөөлөгчид нам намаас орох Тэргүүлэгчдийн тооны асуудалд зөвшилцөж чадаагүй учир АН хуралдааныг орхиж, нэг ч тэргүүлэгчгүй болоод байсан.

Дараа дараагийн хуралдаанд АН-ын төлөөлөгчид 11 Тэргүүлэгчийн тоонд багтах хувь тооцоог 7:4 байхаар санал тавьж байсан ч МАН-аас 8:3 гэх харьцаанаас илүү байх боломжгүй гэж байсан юм. Харин 2 намын бүлгийн даргын уулзалтын дүнд МАН-аас тавьсан санал буюу Тэргүүлэгчдийн тоонд АН-аас 3 төлөөлөгч байхаар тогтов.

Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар Тэргүүлэгчдийн нэрсэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Тэргүүлэгч Б.Нацагдорж, Ц.Энхтөр, Т.Отгонбаатар, Ж.Алтанцэцэг, Н.Баярсайхан нарыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнээс чөлөөлөн, нэмж 5 Тэргүүлэгчийг сонгох нууц санал хураалтыг явуулсан.

Тус санал хураалтаар МАН-аас аймгийн ИТХ-д сонгогдсон Э.Цэнд, С.Готов нар, АН-аас сонгогдсон Д.Цэрэнхорлоо, Д.Ганбаатар, Ж.Хүрэлбаатар нарыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр сонголоо.  

                                                                                                                     Б.Мөнхзул

Холбоотой мэдээ