400 орчим залуусыг сургагч багшаар бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-11 23:50:44

Хөвсгөл аймагт НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба манлайлал” сэдэвт сургалтыг  хөтөлбөрийн дагуу  20  суманд явуулан үе тэнгийн сургагч нийт 396  өсвөр үе, залуучуудыг бэлтгэжээ.

Сургалт нь Ази Номхон Далайн Залуучуудын “Youth LEAD” сүлжээний сургалтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэн манлайлалд суурилсан нөлөөлөл оролцоог бий болгох  нөхөн үржихүйн эрүүл мэнд, сарын тэмдгийн эрүүл ахуй, ХДХВ/ДОХ–ын асуудалд  өсвөр үе, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын манлайллыг тууштай болгох зорилготой аж.

Сургалт нь сэдэв бүрээр богино хугацаанд практик дасгал хийлгэж, мэдээлэл өгөх, харилцан ярилцах зэргээр хүн  бүрийн  оролцоонд тулгуурлан явуулж үе тэнгийн сургагч нарыг төлөвлөх, ярих, багаар ажиллах чадвар эзэмшүүлж тэднийг хамтран ажиллахад нэгтгэсэн  байна. Мөн үе тэнгийн сургагч гэж хэн болохыг ойлгуулах замаар тэдний оролцоог нэмэгдүүлэх, манлайлал гэж юу вэ? хэрхэн манлайлагч болох вэ?  үүнийг мэдсэнээр хэрхэн багаар ажиллаж бусдадаа  нөлөөлөл болох боломж байгааг мэдрүүлэх, анхаарал төвлөрүүлэх, зорилгодоо хүрэхэд дэмжлэг болох бичлэг болон зурган үзүүлбэрийг үзүүлж тэднийг  үйл ажиллагаанд жигд оролцох боломж олгон  идэвхжүүлэх зорилтын хүрээнд сургуулийн  багш нарыг сургаж чадавхжуулан, тэднээр дамжуулан ахлах дунд ангийн  18000 гаруй сурагчдад сургалт явуулсан нь  ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг салбарын оролцоонд тулгуулан өсвөр үе залуучуудад хүргэх дэлхий нийтийн бодлогыг хэрэгжүүлсэн арга хэмжээ болжээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ