Гэр бүлээрээ музей үзэн саатахыг урьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХүүхдүүд аав, ээжтэйгээ музей үзэж, монгол наадгайгаар наадан цагийг хөгжилтэй өнгөрүүлж эхэллээ. Энэ нөхцөлийг Дундговь аймгийн музей гэр бүлийн өдөрлөгөөрөө бүрдүүлж өгчээ.
Тодруулбал, залуу аав ээжийг хүүхдүүдтэйгээ музей үзэж, аймаг орон нутгийнхаа түүх дурсгалын өв соёлтой хамтдаа танилцахыг аймгийн музей урьсан байна. Залуучууд тэр бүр музей үзээд байдаггүй. Тиймээс тэдэнд музейд хадгалагдаж буй түүх соёлын өв дурсгалтай танилцах, ингэхдээ гэр бүлээрээ хамтдаа танин мэдэхүйн мэдлэгээ нэмж, чөлөөт цагаа дурсамжтай өнгөрүүлэхэд нь зориулж Гэр бүлийн өдөрлөгөө зохион байгуулж байгаа юм гэж музейн захирал М. Бямбажав хэллээ. Хүүхдүүд музей үзэнгээ ардын уламжлалт тоглоомын өргөөнд зочлон тоглоно. Мэдэхгүй тоглоомыг нь музейн ажилтнууд зааж өгөх ажээ. Музейд зочлон саатсан гэр бүл халуун аарцаар дайлуулж, гэрэл зургаа татуулан гэр бүлийнхээ дурсамжит нэгэн агшин болгон үлдээж байна.
Гэр бүлийн өдөрлөг эхэлсэн даруйд Төв Халхын дуулалт жүжгийн театр, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газрын хамт олон гэр бүлээрээ хүрэлцэн ирж саатсан байна. Энэ мэтээр ирэх хавар хүртэл үргэлжлэх Гэр бүлийн өдөрлөгт байгууллага, хамт олноороо хүрэлцэн ирэх юм байна.
Т. Отгонтуяа