"Хонгорын хурд" МСУХ энэ оны ажлаа дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-13 12:29:10

Баянхонгор аймгийн уяачид улирч буй оныхоо амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, ирэх жилийнхээ уралдааны товыг баталлаа.

Баянхонгор хотноо болсон баярын хурал, цэнгүүнд 150 гаруй уяач, 30 унаач хүүхэд оролцсон байна. Улирч буй 2016 онд хонгор нутгийн уяачид улс, бүсийн чанартай уралдаанаас нэг түрүү, зургаан айраг хүртэн одтой сайхан наадсан. Тодруулбал, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадамд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэндийн Энхтайваны хүрэн хязаалан айргийн дөрөв, Богд сумын уугуул, сумын Алдарт уяач Дэндэвийн Ганболдын хонгор халзан шүдлэн айргийн тав, Хүрээмарал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алтангэрэлийн Батбаатарын бор даага аман хүзүүнд тус тус хурдлан төрийн наадмаас гурван айраг хүртсэн юм.

Мөн Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд Бөмбөгөр сумын уяач Л.Ганхүлэгийн зээрд азарга айргийн тавд, мөн сумын харьяат А.Батбаатарын бор даага айргийн гуравт хурдалсан. Харин Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Энхтайваны хүрэн хязаалан айргийн тавд хурдалж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Махвалын халтар даага түрүүлжээ.
Ийнхүү сүүлийн жилүүдэд улс, бүсийн чанартай уралдаануудад тогтмол амжилттай наадаж буй хонгор нутгийн уяачдаас 2016 онд амжилтаараа дараах эрхмүүд илүүрхжээ. Ийнхүү

Шилдэг салбар холбоо: Д.Ганзориг тэргүүнтэй “Их Богдын хурд” МСУХ

Шилдгийн шилдэг уяач: Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэндийн Энхтайван

Шилдэг уяач: Дэндэвийн Ганболд, Б.Сандагдорж, Л,Ганхүлэг

Хангайн бүсийн шилдэг уяач: Ч.Баянмөнх

Төвийн бүсийн шилдэг уяач: Ч.Амарсанаа

Говийн бүсийн шилдэг уяач: Н.Мөнхбат нар тус тус шалгарсан байна. Түүнчлэн сум тус бүрээс нэг шилдэг уралдаанч хүүхдийг шалгаруулж шагнаж урамшуулжээ.

Холбоотой мэдээ