Хуурамч төгрөг үйлдвэрлэсэн залуусыг барьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-12-16 17:01:19

 Цагдаагийн ерөнхий газарт 2016 он гарсаар 10, 20 мянгатын дэвсгэрийг дуурайлгаж хуурамчаар хийсэн гэх 259 гомдол иржээ. Нийт ирсэн гомдлын 37 материалд нь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагаа өнөөдөр  ЦЕГ болон Монголбанк хамтран мэдээлэл хийв.

Хуурамч төгрөгийг 35 хүртэлх насны компьютер, график, дизайны мэргэжилтэй залуус бүлэглэж хэвлэдэг болохыг цагдаагийнхан илрүүлжээ. Одоогоор нийт 15 сая төгрөг бүхий мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн гурван бүлэг этгээд буюу 10 гаруй залуусыг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн прокурор руу шилжүүлсэн байна. Хуурамч мөнгөн тэмдэгт хийдэг иргэд нь шөнө оройн цагаар ТҮЦ, найман нэрийн дэлгүүр, супермаркетуудаар явж, хуурамч мөнгөө гүйлгээнд оруулдаг гэдгийг хуулийнхан анхаарууллаа. Мөн хуурамч мөнгөн тэмдэгт нь ихэвчлэн хуучирч, үрчийсэн байдаг аж. Арилжааны банкууд бол хуурамч мөнгийг илрүүлэх боломжтой. Банкны мөнгө тоологч машин хурамч дэвсгэртийг шууд таньдаг. Харин жижиг худалдаа эрхлэгчид хуурамч мөнгөн дэвсгэртийг таньж, ялгах боломжгүйгээс  хохирдог. Монгол төгрөгийн дэвсгэртэд 15 орчим нууцлал бүхий тэмдэг, ялтсууд бий. Мөнгөн дэвсгэртийн нууцлалын талаар  Монголбанкны ахлах эдийн засагч ч тайлбар өглөө. Хэрэв Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар хэвлэж, үйлдвэрлэвэл Эрүүгийн хуульд зааснаар  10-15 жил хорих ял оноодог хуулийн заалттай. Эрүүгийн хуулийн  176 дугаар зүйлд Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах тухай заасан байдаг.

176.1. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

176.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

176.3. Энэ хэргийг зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж 10-15 жил хүртэл хорих ял шийтгэнэ гэж  заасан байна.

Иргэдийг ч хуурамч мөнгөн тэмдэгтэд хууртахгүй байх, зах худалдааны газрууд болон ТҮЦ, жижиг худалдааны лангуу эрхлэгчдийг хуурамч мөнгөн тэмдэгтээр наймаа хийхгүй байхыг энэ үеэр анхааруулав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ