ХСҮТ-д 1.7 тэрбумын үнэтэй туяа эмчилгээний төлөвлөлтийн компьютер нэн шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-14 16:16:08

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр /2015.10.14/ Хавдар судлалын үндэсний төвд ажилласан гишүүдтэй уулзаж, Эрүүл мэнд, спортын яам, Сангийн яам болон Хавдар судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүдээс мэдээлэл сонслоо.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, “Хавдар судлалын үндэсний төвд /2015.10.13/ ажиллах үеэр гурван асуудлыг шийдүүлэх шаардлагатай байгаа талаар танилцуулсан. Нэгдүгээрт, нийт 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажил. Энэхүү өргөтгөлийн барилгын ажлын явц 70 орчим хувьтай байна. Хоёрдугаарт, 1.7 тэрбум төгрөгөөр худалдан авах нэн шаардлагатай туяа эмчилгээний төлөвлөлтийн компьютер томограф аппарат. Гуравдугаарт, ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажил дууссаны дараа дотор нь байршуулах ор болон бусад тавилга, тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан 1 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт” гэлээ.

Үүний дараа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хавдар судлалын үндэсний төвд ажилласан мөн тулгамдаад буй асуудлуудыг шийдэх боломжтой эсэхийг судлахаар ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлээд, дээрх асуудлууд болон төсвийн тодотголын талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт мэдээлэл сонсож, холбогдох яамны удирдлага, мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцсоны дараа ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажилд шаардлагатай санхүүжилтыг 2016 оны улсын төсөвт суулгах нь зүйтэй гээд байнгын хороо анхаарч ажиллана гэдгийг энэ үеэр дуулгав.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга барих шийдвэр 2011 онд гарч, барилга угсралтын ажил эхэлсэн байна. 2013, 2014 онд санхүүжилт зогссон учир барилгын ажил явагдаагүй бөгөөд 2015 онд санхүүжилт хийгдэж, барилгын ажил үргэлжлэн явагдаж байгаа аж. Тус өргөтгөл нь зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалттай нийт 4 давхар 5200 м2 талбай бүхий барилга юм. Тус барилгыг ашиглалтад оруулснаар нийт хавдраар өвчлөгсдийн 40 орчим хувийг эзэлдэг элэгний хавдрын мэс заслын төв, одоо хамрагдвал зохих өвчтний тал орчмыг л хамруулдаг туяа эмчилгээний тасгийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэх аж. Мөн хэвтэн эмчлүүлэх 80 ор нэмэгдэж, үүний үр дүнд тус төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 30-40 хувиар нэмэгдэх юм байна.

Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба болон албаны хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ