Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-14 16:54:46

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”  тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг 100 хувь дэмжлээ.

Манай улсад суугаа гадаадын зарим орны Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар, олон улсын зарим байгууллагын ашиглаж байгаа газрыг улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулж Засгийн газраас уг тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.

Монгол Улсад суугаа гадаадын 27 Дипломат төлөөлөгчийн газраас 8 нь Монгол Улсын өмчийн, 9 нь тухайн улсын өмчийн, 10 нь манай улсын хувийн хэвшлийн өмчийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Улаанбаатар хотод Буриадын соёлын төв байгуулах газрын асуудал хэрхэн шийдсэн талаар тодруулахад БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа "Уг асуудлыг БХБЯ, НЗДТГ хэлэлцээд Нийслэлийн өмчийн харилцааны газраас 3300 м2 талбайг Буриадын соёлын төвд олгох болсон" гэсэн хариулт өглөө.

Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Энхболд Тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ