Орхон аймгийн хоёр сум зудархуу болон зудын байдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-20 13:54:21
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Онцгой комисс хуралдлаа. Тэд энэ удаагийн хуралдаанаар өвөлжилтийн байдал болон хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Тус комиссыг аймгийн Засаг дарга Д.Батлут ахалдаг бөгөөд 27 хүний бүрэлдэхүүнтэй юм. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд  120.2 орчим мянган толгой мал тоологдож  42.3 мянган төл хүлээн авсан байна.  Энэ оны жилийн эцсийн тооллогоор 485 толгой малаар өссөн дүнтэй гарчээ.

Өнгөрсөн сарын 15-аас эхлэн Орхон аймагт их хэмжээний цас орж цочир хүйтэрсэн. Үүний улмаас хоёр сумын 23.5 толгой мал нэмэгдэл тэжээлд, 1.4 мянган толгой мал байран маллагаанд орсон байна. Холбогдох байгууллагуудаас томилогдсон ажлын хэсгээс хийсэн дүгнэлтээр бэлчээрийн цасны дундаж зузаан 16.5 см, нягт нь 0.15 см.куб байжээ. Цасны зузаан хамгийн ихдээ  23.2 см, хөр цасны зузаан 1-1.5 см байна  гэж  Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий ярьлаа. Одоо үүсээд буй нөхцөл байдлаас харахад Орхон аймгийн Баян-Өндөр сум зудын, Жаргалант сум зудархуу байдалтай байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэлээ. Өвлийг өнтэй давахын тулд малчид өөрсдийн нөөц бололцоогоор 8500 гаруй тонн хадлан бэлтгэсэн бөгөөд үүнийхээ 30-40 хувийг хэрэглээд байна. Аймгийн Аюулгүйн нөөцөд 20 тонн өвс, 17 тонн тэжээл бэлтгэсэн бол Жаргалант сум 100 тонн өвс, 25 тонн тэжээл бэлтгэсэн аж. Тэгвэл Баян-Өндөр сум Аюулгүйн нөөцдөө 120 тонн өвс,  28 тонн тэжээл бэлтгэжээ. Уг ажилд нийтдээ 76 сая гаруй төгрөгийг зарцуулсан юм.

Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас өгсөн мэдээллээр 12, 1-р сард хур тунадас ахиу орж, олон жилийн дунджаас илүү хүйтрэх гэнэ. Тиймээс Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батлут “Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зах зээлийн үнээс хямд өртгөөр буюу бэлтгэсэн үнээр нь борлуулах буюу өвсийг 4000, тэжээлийг 7500-14000 төгрөгөөр малчдад олгох,  цасанд боогдсон зам давааг нээхэд ашигладаг “далпуу” төхөөрөмжийг бэлтгэх”-ийг үүрэг болголоо.  

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ