Малын тоо 12.5 хувиар өссөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-20 18:40:05

Өмнөговь аймгийн хэмжээнд урдчилсан тоогоор нийт мал сүрэг 2313755 толгой болж өмнөх оноос 257990 толгойгоор буюу 12.5 хувиар өссөн гэсэн урьдчилсан дүнтэй байна.

Тус аймгийн 15 сумын 58 багт 94 тооллогын ажлын хэсэг гарч мал тооллогыг амжилттай зохион байгууллаа гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Энэ сарын 7-оос 17-ыг хүртэл мал тооллого явуулсан бөгөөд одоо дүнгээ нэгтгэж байгаа юм байна. Мал тооллогын үеэр малчдыг мал тооллогод идэвхтэй оролцуулж, тооллогын хэсгийг хариуцлагатай, туршлагатай хүмүүсээр ахлуулан анхаарч ажиллажээ.

2016 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр тус аймагт тэмээ 130492, адуу 85292, үхэр 22146, хонь 520841, ямаа 1554984-ыг тоолсон байна. Номгон сум 262296 толгой мал тоолуулсан нь аймагтаа мал сүргийнхээ тоогоор тэргүүлж байгаа бол Ханхонгор сум 204635 толгой малаар удаалж байна.

Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ