“Мөнхийн Залуу-Монголын хувьсгалч гурван эвлэл” сэдэвт чуулга уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-20 18:41:48
Yesukheitumur Tumurbaatar

Залуучуудын байгууллагын 95 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Монголын хувьсгалт Залуучуудын эвлэл болон Монголын Пионерын байгууллагын ахмад ажилтнуудын оролцсон “Мөнхийн Залуу-Монголын хувьсгалч гурван эвлэл” сэдэвт чуулга уулзалт болов.

Уулзалт нь энэ сарын 17-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд нийт 55 ахмад ажилтнуудыг оролцсон байна. Энэ удаагийн уулзалт нь Залуучуудын бодлого боловсрогдож байсан үед болж байгаагаараа онцлогтой гэдгийг Төв аймгийн Эвлэлийн хорооны үзэл суртлын эрхлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Сэрчмаа хэлсэн юм.

Уг арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал оролцож оролцогчдод баяр хүргэн үг хэлсэн юм. Аймгийн Засаг Дарга Ж.Батжаргал: “Төв аймгийн Залуучуудын байгууллага нь Монголын Залуучуудын байгууллагын түүхэнд нэн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд ардын хувьсгалын түүхэн үед ч ардчилсан өөрчлөлтийн эхэн үед ч залуучуудыг уриалан, манлайлж ажиллаж байсан” гэдгийг тэрээр онцолсон юм.

Мөн Төв аймгийн Залуучуудын байгууллагын даргаар ажиллаж байсан Г.Бямбадорж хэлэхдээ “Залуучуудын сурган хүмүүжүүлэх үйлсэд Залуучуудын байгууллагын ахмад ажилтнуудын үүрэг, их байсан” гэдгийг онцлон тэмдэглээд хамт ажиллаж байсан хүмүүстээ болон залуучууддаа ажлын амжилт хүссэн юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ