Төв аймаг сүрьеэ өвчин өндөртэй 8 аймгийн нэгэнд орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-20 20:33:22
Yesukheitumur Tumurbaatar

Сумын Эмч мэргэжилтний холбоо, Төв аймгийн ЗДТГ, хамтран “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 17-ний өдөр  зохион байгуулсан байна.

УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийн 4 дүгээр зорилтод заагдсаны дагуу эхний үе шат болох 2016-2020 оны хооронд 10000 хүний сүрьеэгийн тохиолдлыг 14.4 болгон бууруулахаар тусгасан байна. Төв аймаг сүрьеэ өвчин өндөртэй 8 аймгийн нэгэнд орж байгаа бөгөөд аймгийн ЗДТГ-аас санаачлан Төв аймгийн 27 сумын Засаг дарга нар болон сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарыг хамруулсан сүрьеэ өвчний илрүүлэлтийн төвшинг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх заавар зөвлөмж олгох, өвчний тархцыг бууруулах зорилгоор “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан тухай аймгийн Эрүүл мэндийн газраас онцолсон юм.

Төв аймгийн хувьд хүн амын дундах эмэнд дасалтай сүрьеэ өвчний өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа талаар албаныхан хэлж байна. Тиймээс сүрьеэ өвчинд өртөхөөс сэргийлэх, өвчлөлийн тохиолдлыг эрт илрүүлэх, өвчний орчин үеийн чиг хандлагыг тодорхойлох, эрсдэлт бүлгийн хүн амд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, цаашид хамтын ажиллагааг сайжруулах, сүрьеэ өвчнөөр өвчлөгчдийн тоог бууруулах үндсэн зорилгыг дэвшүүлэн гаргасан чухал хэлэлцүүлэг боллоо гэдгийг МСЭМХ-ны тэргүүн Ц.Ганхүү дурьдсан хэллээ.

Түүнчлэн сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлэхийн тулд үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, өвчтөн төвтэй нэгдсэн халамж үйлчилгээний үйл ажиллагааг бүрдүүлэх ёстой гэдгийг Төв аймгийн “Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо”-оос тайлбарласан юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ