Өвөрхангайн сумдыг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-22 16:54:48

Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн бүх сумдууд  эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаж эхлээд байна.

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Орон нутгийн эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг сайжруулах зорилго бүхий төслийн хүрээнд зургаан сая ам.доллар буюу 13 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг Өвөрхангай, Говь-Алтай аймгийн сумдад олгох ажил өнөөдөр эхэллээ.

Уг үйл ажиллагаанд Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын дэд дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн нар оролцож, Өвөрхангай аймгийн ЭМГ-ын дарга Д.Шиваанүрдэв, БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуун, Хархорин нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Х.Ууганбаяр нар тоног төхөөрөмжүүдийг гардан авсан юм. Энэ тухай мэдээллийг  Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуунаас тодруулахад “Ургийн болон зүрхний бичлэг хийх аппарат, амьсгалын аппарат, ЭХО аппарат гэх мэт эдгээр төхөөрөмжүүдийг сумдын захиалгын дагуу харилцан адилгүй өгнө. Бүрд сумаас эхлэн суурилуулна. Зарим төхөөрөмжүүд нь БОЭТ-д зориулагдсан байгаа. Тоног төхөөрөмжүүдийг бүрэн ашиглахын тулд эмч, мэргэжилтнүүдээ сургалтанд хамруулна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэлэхдээ “Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Эрүүл мэндийн яам, Монгол дахь Японы Элчин сайдын яам санаачлан хамтран ажиллаж нийт 16 төрлийн эмнэлгийн 188 тоног төхөөрөмж, аппаратыг Өвөрхангай аймгийн 19 сумын эмнэлэгт хүлээлгэн өглөө. Өнгөрсөн жил олон төрлийн судалгаа хийснээр энэхүү төслийг хоёр аймагт хэрэгжүүлэхээр сонгосон. Нэг аймагт зарцуулж байгаа төслийн өртөг нь гурван сая ам.доллар юм. Өөрөөр хэлбэл, хоёр аймагт зургаан сая ам.долларын төсөл хэрэгжиж байна. Төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж ажил хэрэг болсонд нийт Өвөрхангайчуудынхаа өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

Төсөл хэрэгжих хугацаа гурван жил бөгөөд гүйцэтгэгчээр "Иточү" корпораци ажиллаж байгаа аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ