Б.Ууганхүү Монгол Улсын гавьяат тамирчин боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2016-12-28 13:40:55

Дорноговь аймгийн уугуул Бразил Улсын Рио де Жанейро хотноо болсон Паралимпийн наадмын харааны бэрхшээлтэй иргэдийн жудо бөхийн  60 кг жингийн хүрэл медальт ОУХМ Б.Ууганхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ.

Дорноговь аймгийн түүхэнд анхны олимпийн медальтан болсон тэрээр хэдхэн хоногийн өмнө болсон Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал болох ᠌᠌”Бөртэ Чоно-2016” ээлжит шалгаруулалтаар “Шилдэг эрэгтэй тамирчин” болсон.

Б.Ууганхүү 1991 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн бөгөөд 2009 онд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг төгссөн.

2005 оноос эхлэн аймгийнхаа БТСГ-т самбо бөхийн дэлхийн хошой мөнгөн медальт, жудо бөхийн 1980 оны Москвагийн олимпийн тавдугаар байрын шагналт, ахмад тамирчин Я.Дорж багшийн удирдлага дор жудо бөхөөр анхлан хичээллэж эхэлсэн байдаг.

Тэрээр "Инчеон-2014” Азийн паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д мөнгөн медаль, ДАШТ-д V байрт шалгарч байжээ. Удалгүй 2016 оны Бразил Улсын Рио де Жанейро хотноо болсон Паралимпийн наадмаас жудо бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ