Хууль бус зорчигч тээвэрлэлт ихсэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-28 17:29:12

Сүүлийн үед зам сайжирсантай холбоотой хот хооронд зорчигчдын хувьд хурдан хүрнэ гэдэг байдлаар суудлын жижиг тэрэг сонгох болсон. Энэ нь иргэдийн нэрлэж заншсанаар хулгайн тээвэр юм.

Дорнод аймагт л гэхэд өнөөдрийн байдлаар 100 орчим суудлын тэрэг, насжилт дууссан микро автобус хууль бусаар явж байгааг албаны эх сурвалж ярьж байсан. Тэдний хувьд татвар шимтгэл, даатгал төлдөггүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, осол гаргах нь их байдаг байна. Харин зөвшөөрөлтэй автобуснуудын хувьд стандартын дагуу хурдаа тохируулж, зорчигчийн аюулгүй байдлыг ханган ажилладаг. Автобусны хувьд зорчигч нэг км замд 45-50 төгрөгийн тарифаар үйлчлүүлдэг ч эдийн засагчдын тооцоогоор 70-75 төгрөг гэж гаргасан байдаг. Гэсэн ч зорчигч тээврийн компаниуд үнээ нэмэхийг урьтал болгодоггүй нь хулгайн тээвэртэй тэмцэж байгаа нэг арга гэж ойлгож болно.

Дорнод аймгийн Авто тээврийн төв аймгийнхаа 10 сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, УБ- Чойбалсан гэсэн 12 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. “Улзын шинэ зам”, “Айсвн”, “Аж мянган”, “Шувууд Баянгол хоршоо” гэсэн 4 компани хот хооронд тээвэрлэлт хийж, тэд жилд 10 гаруй мянган ресс хийдэг гэнэ.

-Авто тээврийн байгууллагын хувьд хулгайн тээвэр хийж байгаа жолооч нартай ямар нэг хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл байдаггүй. Хуульд нааштай өөрчлөлт орвол дээрх хууль бус үйлдэл яваандаа цэгцрэх байх гэж Дорнод аймгийн Авто тээврийн төвийн дарга О.Пүрэв-Очир ярилаа.

Дашрамд дуулгахад амралтын 4 өдөр хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орохгүй, хуваарийн дагуу явах юм байна.

                                                                                                                                        Б.Туяа 

Холбоотой мэдээ