Хонины цэцэг өвчний вакцинжуулалтад хяналт тавьж ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХонины цэцэг өвчний эсрэг вакциныг Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Дэрэн сумын хонин сүрэгт хийхээр түрүүчээсээ Эрдэнэдалай сумаас вакцинжуулалт эхэлж байна. Вакцинжуулалтад сумын МЭҮА- ны мэргэжилтнүүд, мөн аймгаас ажлын хэсэг гарч хяналт тавин ажиллах ажээ.
Урьд нь вакцин тариулсан хонь цэцэг өвчнөөр өвчилсөн тохиолдол Говь- Угтаал, Дэрэн суманд гарч байсан. Вакцин тарих явцад горимын ямар нэг алдаа дутагдал гарснаас вакцин тариулсан хэрнээ мал өвчилсөн гэж үзэж байгааг тухайн үед ХХАА- н газраас тайлбарлаж байсан. Тухайлбал, вакциныг найруулсан даруйдаа 24 цагийн дотор тарих ёстой боловч 7 хоногийн дараа тарьсан, малын эмч бус малчин өөрөө вакциныг тарьсан зэрэг явдал нь вакцин тарих явцад хариуцлагагүй хандсан жишээ болж, үүнд нь тухайн сумын мал эмнэлэгт торгуулийн арга хэмжээ авч байсан.
Энэ удаад 300 гаруй мянган тун вакцин тарина. Вакцинжуулалтад хяналт тавьж ажиллах эсэхийг ХХАА- н газрын Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Ц. Гэрэлээс тодруулахад сумын МЭҮА- ны мэргэжилтнүүдээс гадна аймгаас ажлын хэсэг гарч, вакциныг горимын дагуу хийж байгаа эсэхэд хяналт тавин ажиллана гэдэг хариултыг өгсөн юм.
Т. Отгонтуяа