Г.Шийлэгдамба: Ирэх сард С вирүсийн эмчилгээнд 1600 хүн хамарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-15 14:26:32

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр Төрийн ордонд болсон “Сайдын цаг” уулзалтад оролцож, Хепатитын С вирүст халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний бэлтгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Хепатитын С вирүст халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зааврыг энэ онд баталж, С вирусыг эмчлэх үйл ажиллагааны бэлтгэлийг хангажээ. Хепатит С вирусын  эмчилгээнд хэрэглэх "Харвони"  эмийг  энэ оны 5 дугаар сард улсын эмийн бүртгэлд бүртгэж авсан байна.  Мөн уг эмийг нийлүүлэх санамж бичигт  энэ  оны 6 дугаар сарын 10-нд харилцан гарын үсэг зурснаар дэлхийн зах зээл дээр 94000 ам.доллараар зарж байгаа эмийг  нэг сарын эмчилгээ 1 хайрцаг №28 шахмал эм 400 доллараар, 3 сар буюу 1 курс эмчилгээний эмийг 1200 ам.доллараар  худалдан авахаар боломж бүрдсэн аж. Уг эмийг  оруулж ирэх албан ёсны нийлүүлэгчээр “Омбол” ХХК ажиллаж байгаа гэнэ.

Түүнчлэн хепатитын С вирүст халдвартай хүнийг эмчлэх  хот, хөдөөгийн нийт 140 эмч, мэргэжилтнийг хоёр удаа сургалтад хамруулжээ. ХӨСҮТ-өөс хепатитын С вирүс тоолох шинжилгээг хийх улс, хувийн хэвшлийн лабораториудад энэ сард батламж өгч, олон нийтэд мэдээлсэн. Ингэснээр иргэд хот, дүүрэг болон орон нутагтаа Эрүүл мэндийн даатгалаар цусны биохимийн шинжилгээ, хэт авиа /ЭХО/, маркер өгч харин батламжлагдсан улс, хувийн хэвшлийн лабораториудад тодорхой төлбөртэй С вирус тоолох шинжилгээнд иргэд хамарч байгаа юм.

"ХАРВОНИ" Монгол Улсад ирэх сард орж ирнэ

"Харвони" эм манай улсад ирэх сард АНУ-аас онгоцоор тээвэрлэгдэн эхний ээлжинд  4000 фл  хилээр орж ирнэ. Ирэх сард 4800 фл  3 сар буюу нэг курсын эмчилгээнд 1600 хүн хамрагдах гэнэ. Эхний ээлжинд энэ оны 11 дүгээр сард 1600 хүн, 2016 оны 2 дугаар сард 2000 хүнийг тус тус  эмийн эмчилгээнд хамруулна гэж салбарын сайд хэллээ. 

Ирэх оны  таван сард хамруулах хүний тоог нэмэгдүүлэх хүсэлтийг нийлүүлэгч компани хүлээн авч зөвшөөрч, ирэх сард 1600 хүний эмчилгээнд хамрах байдлыг ажиглаад нэмэгдүүлж өгөх хариуг АНУ-ын Гилеад компани мэдэгджээ.

"ХАРВОНИ" эмийг албан ёсны гэрээт эмийн сангаар эмчийн жороор олгоно

Хепатит С вирусын эмийг түгээхээр нийт 22 эмийн санг сонгожээ. Эмчлүүлэгч нь эмчийн зааврын дагуу шинжилгээг тухай бүрт нь өгөх бөгөөд сардаа уух эмээ эм дуусахаас  2-3 хоногийн өмнө эмийн сангаас худалдаж авсан байх шаардлагатай юм байна. Нэг  шахмал эмийг өдөрт нэг удаа тогтсон цагт ууна. Дараагийн сарын эмийг авахдаа өмнө сарын уусан эмийн саваа буцааж өгнө. Эмийг дамлан худалдаж болохгүй. Эм ууж байх үедээ архи, пиво, дарс хэрэглэхгүй. Эмийг тасалж болохгүй. Ямар нэгэн зовиур илэрвэл хяналтын эмчдээ хандаж зөвлөгөө авна. Эм бүр тухайн өвчтөнд зориулсан тусгай кодтой байна. Гурван сар уух эмийг нэг дор олгохгүй бөгөөд тухайн сардаа олгоно. Хоёр болон гурав дахь сарын эмээ авахын тулд хяналтын эмчдээ эм дуусахаас 7-10 хоногийн өмнө үзүүлж, жороо бичүүлнэ. Жор бичүүлсэнээс хойш 3-5 хоногийн дотор эмийн сангаас өвчтөнтэй холбогдож, уух эмийг олгоно. Өвчтөн эмийн төлбөр болон С тоолох шинжилгээний зардлыг өөрөө бүрэн хариуцна. Ургамлын гаралтай эм бэлдмэл, тан, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй гэж Г.Шийлэгдамба сайд мэдээллээ.

Б.Туул

Холбоотой мэдээ