Жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглосон захирамж гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-06 10:59:42
oyuka_hu@yahoo.com

“С.Зоригийн хэргээр яллагдсан Б.Содномдаржаагийн ээж шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж жагсана” гэсэн мэдээллийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтоос лавлалаа.

Тэрээр, “ Улаанбаатар хотын зарим сайтад дээрх мэдээлэл гарсан байсан. Энэ сарын долоон буюу маргааш Эрдэнэт хотод тайван жагсаал хийх хүсэлтээ Содномдаржаагийн аав Батдагва ирүүлсэн.  Бидний зүгээс энэ удаа тайван  жагсаал хийх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь хөрш зэргэлдээ аймагт малын гоц халдварт цэцэг өвчин гарсан тул олон нийтийг хамарсан жагсаал цуглаан хийхгүй байх сумын Засаг даргын захирамж гарсаныг танилцуулсан. Иймд ямар ч жагсаал болохгүй” гэлээ.

Тодруулбал, Баян-Өндөр сумын Засаг даргын А/04 тоот захирамжид “Хил залгаа аймгуудын зарим сумдад малын гоц халдварт цэцэг өвчин гарсантай холбогдуулан 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 28-ны өдрийг дуустал Амарын талбай болон ойр орчимд нь аж ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулах, жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтэд зөвшөөрөл олгох, бүртгэхийг хориглосугай. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн асуудал хариуцсан ажилтан, Мал эмнэлэг үржлийн тасаг, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг багийн Засаг дарга нарт болон аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай” гэсэн байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ