Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломж бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-15 18:30:49

Эдийн засгийн ил тод байдлыг  дэмжих тухай хуулийн хэрэгжилт сүүдрийн эдийн засгийг бууруулж, хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, бизнес эрхлэгчдэд шударгаар үйл ажиллагаа явуулах боломж олгож буйгаараа давуу талтай гэдгийг албаныхан онцлов.

 Уг хуулийг танилцуулах өдөрлөгийг Эрх чөлөөний талбайд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран зохион байгууллаа.

Засгийн газар өнгөрсөн долдугаар сарын 3-ны өдөр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийг боловсруулан өргөн барьсныг УИХ-ын ээлжит бус чуулганаар  баталсан.

Энэхүү хууль нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлтийг үзүүлэх зорилготой юм.  “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль" нь 2015 оны наймдугаар сарын 7-ны 00.00 цагаас 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цаг хүртэл хэрэгжинэ.  Энэхүү хуулиар нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгаж,  эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг гаргасан. 

Шимтгэлд алданги тооцохгүй

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь даатгуулагч ажил олгогчоос шимтгэл ногдуулсан хөдөлмөрийн хөлсийг үнэн бодитоор мэдээллэх боломжийг  бүрдүүлснээр онцлогтой. Ажил олгогчид  хөдөлмөрийн хөлсийг үнэн бодитой болгосноор  нийгмийн даатгалын орлого нэмэгдэж улмаар тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ  гэж үзжээ. Өөрөөр хэлбэл ажилтныхаа нийгмийн даатгалыг төлөөгүй аж ахуйн нэгжид боломж олгож буй юм. Түүнчлэн Нийгмийн даатгалын газарт огт бүртгүүлээгүй болон зарим оныхоо бүртгэлийг тайлагнаагүй, цалин хөлсний орлогыг тодорхой хэмжээгээр бууруулсан иргэн, аж ахуйн нэгж энэ бүхнээ үнэн зөв тайланг 12 дугаар сарын 31-нийг хүртэл хүлээж авах аж. Энэ хүртэл нийгмийн даатгалын хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлүүлээд шимтгэлд ногдуулах алданги тооцох хариуцлагаас нэг удаа чөлөөлөх юм.

Гаалийн мэдүүлгийг залруулах боломжтой

Аж ахуйн нэгж бараагаа огт бүртгүүлээгүй, тоо хэмжээ, ангилал, нэр төрлийг нь буруу мэдүүлсэн бол гаальд нөхөж мэдүүлэх боломжийг дээрх хуулинд бүрдүүлжээ. Гаалийн байгууллага 54 төрлийн мэдүүлгийг авдаг бол шинэ гарсан хуулиар 12 төрлийн мэдүүлгийг бөглөх юм байна. Эл хууль хэрэгжиж эхлээгүй байхад дээрх зөрчлүүд илэрсэн бол гаалийн байгууллага тухайн бараа бүтээгдэхүүнийг хураах хүртэл арга хэмжээ авч, хариуцлага тооцдог байсан. Мөн татвар нөхөн төлүүлж, тухайн барааны үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэхүйц торгууль ногдуулж байсан. Харин Гаалийн байгууллага энэ бүх хариуцлагаас иргэн, аж ахуйн нэгжийг 12 дугаар сарын 31-нийг хүртэл  чөлөөлж байна.  

Эд хөрөнгө борлуулсны 2 хувийн татвараас чөлөөлнө

УБЕГ-аас “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийг хэрэгжүүлэх журмыг  сурталчилж, хэд хэдэн төрлийн үйлчилгээг үзүүлсэн юм. Иргэд эндээс хуулийн этгээдийг лавлагааг авч байв.  Дээрх хуулиар шинээр бүртгүүлээгүй болон  нуун дарагдуулсан эд хөрөнгө, алдаатай бүртгүүлснийг залруулах боломжтой  юм. Тодруулбал эд хөрөнгө борлуулсны 2 хувийн татвараас чөлөөлнө. Хуулийн этгээдийг байгуулсан ч бүртгүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1- 3 дахин хувиар нэмэгдүүлж торгодог байсан. Тэгвэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар дээрх торгуулиас чөлөөлөх юм.

Дашрамд дурдахад 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан Татварын өршөөлийн тухай хуулийн хүрээнд 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлж, татвар төлөгчөөр нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлж, улмаар 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулж байжээ. Тэгвэл "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийг  хэрэгжүүлснээр нуугдмал орлого ил болж эдийн засгийг дэмжинэ хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.

 Б.Заяа

 Гэрэл зургийг Н.Батбаяр

    

Холбоотой мэдээ