Цагийн ажилтан ажлын хөлсөө шууд авдаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-12 22:12:40

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан юм. 

Үндсэн хуулинд “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, ...” эрхийг баталгаатай эдлэхээр заасан. Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг 14 хоногоос 1 сараар цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй. Түүнчлэн иргэд хөдөлмөр зуучлалын байгууллагаар зуучлуулалгүй, хуулийн мэдлэг дутуугийн улмаас ажил олгогчтой хийсэн аман гэрээ нь зөрчигдөх, хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуульд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй байгаатай холбоотой байна. Тиймээс хуулийн төсөлд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгажээ. Түүнчлэн хуулийн төсөлд “Цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгаж, түүнд тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар заасан аж.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, "Хуулийн төсөлд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж, ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500000-1000000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг  500 мянгаас нэг сая, аж ахуйн нэгжийг 5-10 сая төгрөгөөр торгох заалт оруулсан нь чангатгасан заалт байна гэсэн асуудлыг хөндсөн. Үүнд нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэлэлцүүлгийн явцад торгуультай холбоотой заалт дээр эргэж харах боломж бий хэмээн тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, "Цагаар ажиллах асуудлыг хуулиндаа тусгаж өгсөн нь зөв зүйтэй. Харин цагаар ажиллаж байгаа иргэний бүтээмжийг хэрхэн үнэлэх вэ гэсэн асуудлыг бодолцох ёстой. Гадны орнуудад цагийн ажил хийсэн хүн тусгай дэвтэртэй байдаг. Үүнийг харгалзан ажил олгогч үнэлгээг тогтоодог. Тиймээс энэ асуудлыг тусгаж өгөх шаардлагатай" гэхэд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, "Ажил олгогч, иргэн хоёр тохирч үнэлэмжээ тогтооно гэж хуульчилсан" хэмээв. 

Мөн УИХ-ын гишүүн Амарзаяа хуулинд цагийн ажилтан зуучилдаг байгууллагын асуудлыг хуульчилж оруулах ёстой гэсэн санал хэллээ. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжив.

Б.Туул

Холбоотой мэдээ