“Сурч боловсрох эрх” эсээ бичлэгийн уралдааны аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСМонгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Увс аймгийн ИТХ-аас санаачлан Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Сурч боловсрох эрх” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг өнгөрсөн сарын 20-ны өдрөөс энэ сарын 5-ны хооронд зарлан явууллаа.
Уралдаанд 19 эсээ ирснээс Улаангом сумын “Чандмань-Эрдэм” ахлах сургуулийн 12А ангийн сурагч Ц.Намуунаа нэгдүгээр байр, Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн 11А ангийн сурагч Д.Мэндээ хоёрдугаар байр, Улаангом сумын “Чандмань-Эрдэм” ахлах сургуулийн 9А ангийн сурагч Ш.Ариунзаяа гуравдугаар байр тус тус эзэллээ. Шалгарсан сурагчдын шагналыг өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат гардуулан өгч баяр хүргэсэн юм.
Үүнээс гадна Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг, ажлын албаны мэргэжилтэн Н.Энхжаргал нар үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургууль болон Цогцолбор 2-р сургуулийн ахлах ангийн сурагчдад мэдээлэл хийж, хичээл заасан байна. Энэ үеэр сурагчдын мэдлэгийг сорих зорилгоор гурван асуулт бүхий асуумж авч нэгтгэн дүгнэжээ.
Б.Батхүү