Ч.Мөнхзул: Бид сонгодог урлагийн ирээдүйн үзэгчээ бэлтгэхийг зорьж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ
altankhuyag@montsame.mn
2017-01-16 11:26:20

Монголын ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзултай уулзаж энд онд хийхээр төлөвлөж буй ажил, театрт тоглох сонгодог жүжгүүдийн талаар ярилцлаа.

-Шинэ он гараад удаагүй байна. Дуурийн театрынхан энэ сард маш олон бэлэгтэй үзэгчдийгээ угтаж байна шүү дээ. Энэ ажлыг мэдээж их эртнээс төлөвлөж хуваариа гаргадаг. Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү дээ?

-Манай театрын онцлог гэвэл тоглолтынхоо хуваарийг бүтэн жилийн өмнөөс урьдчилж гаргадаг. Одоогоор тоглолтын 54 дахь улирал ид дундаа явж байна. Театрынхан маш их ажилтай, ажлаа хийхийн тулд нойр хоолгүй гүйж явна гэхэд худал ярьсан болохгүй болов уу. Тэгээд ч 2017 он бидний хувьд маш чухал. Нэн түрүүнд бид өнгөрсөн гурван жилийнхээ ажлыг дүгнэж, стратегийн бодлого төлөвлөгөөндөө зохих өөрчлөлтүүдийг оруулж өнгөрсөн 12 сард шинэчилж  баталсан. Мөн дараагийн дөрвөн жилийнхээ төлөвлөгөөг гаргачихсан, түүнийхээ дагуу ажил үүргээ явуулж эхлээд байгаа.

-Ямар, ямар шинэлэг ажил хийхээр зэхээд байна вэ. Театрын 55 жилийн ой ирэх онд тохиох байхаа?

-Нэлээд өвөрмөц шинэлэг ажил хийхээр төлөвлөгөөндөө тусгасан. Энэ жил залуучуудад зориулсан өвөрмөц, шинэ тавилттай бүтээл илүүтэй байна. Мөн 2018 оны тавдугаар сард театрын 55 жилийн ой тохионо. Тиймээс энэ онд ойгоо угтаж олон ажил хийхээр төлөвлөсөн. Энэ сард гэхэд бид үндэсний урлагийн бүтээлүүддээ ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа. Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” нэртэй Хүннү гүрний үеийн үйл явдлыг өгүүлэх түүхэн дуурь тоглоно. Б.Шаравын “Чингис хаан” дуурийг өмнө нь хөгжмийн хувьд шинэчилж тавьсан бол одоо Ч.Найдандорж найруулагчтай хамтран ажиллаж тайзны найруулгынх нь хувьд шинэчилж хэдхэн хоногийн дараа үзэгчиддээ хүрэхэд бэлэн болоод байна.

Бүх цаг үеийн хамгийн алдартай “Хунт нуур” бүжгийн жүжгийг бас тоглоно. Онцлог нь гэвэл хунгийн хувцсыг дэлхийн алдартай брэндээс авчирсан. Шинэ хувцастай, шинэ залуу хунгууд маань хэдхэн хоногийн дараа үзэгчиддээ хүрэхэд бэлэн болсон. Басхүү Монголд огтхон ч тоглож байгаагүй хоёр шинэ бүжгийн жүжгээр үзэгчиддээ бэлэг барина. 

Нэг нь алдарт зохиолч П.Хертелийн "Үр дүнгүй болгоомжлол" гэж цоо шинэ бүжгийн жүжгийг тоглоно. Гэхдээ дэлхий нийтээр хэвшсэн уг нэрээр бус арай өөр нэрээр үзэгчдэд хүрнэ. Төлөвлөж буй шинэ тоглолтуудаас гадна энэ жил түүхэн ой тохиож буй учир театрын тайзнаа хамгийн анх тавьсан Италийн алдарт дуурь Ж.Пуччиний “Чио Чио Сан” дуурийн 50 жил, Ж.Вердийн “Травиата”-гийн 40 жил, “Риголетто” дуурийн 30 жил, Ж.Мэнд-Амар гуайн "Үйлийн гурван толгой" бүжгийн жүжгийн 30 жилийн ойг давхар тэмдэглэнэ. Эдгээр бүтээлүүд манай театрын тайзнаа олон жил амьдарч, үе үеийн үзэгчдэд урлагийн таашаал, сонгодог урлагийн сайхныг мэдрүүлж байсан түүхэн ач холбогдлыг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Бүтээн туурвисан уран бүтээлчдийг нь урьж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, үзэгчидтэй уулзуулах зэрэг олон ажлыг төлөвлөсөн.

-Өнгөрсөн оныг дуурийн театрын хамт олон ямар амжилттай үдэв?

-Өнгөрсөн онд бид Ази, Европ, Америк тивийн төлөөлөлтэй хамтарч ажилласан. Гадаадын олон том уран бүтээлчдийг эх орондоо урьж авчирч тоглолт зохион байгуулсан. Манай уран бүтээлчид ч бас гадны томоохон хотуудад очиж тоглолтоо хийж, мэдлэг туршлага хуримтлуулж, олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцож шагнал, урамшууллаар арвин дүүрэн жил байлаа. Театрын маань  тайзнаа өнгөрсөн 10 дугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын алдарт “Большой” театрын уран бүтээлчидтэй хамтарсан "Мөнхийн нөхөрлөл" хэмээх тоглолт зохион байгуулсан. Энэ тоглолт манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн нэг томоохон арга хэмжээ байсан.

-Сонгодог урлагийг тэр дундаа дуурь, бүжгийн жүжгийг мэдэрч, дурлаж үздэг үзэгч харьцангуй цөөхөн байдаг. Гэхдээ зөвхөн манай оронд бус бусад бүх орнуудад энэ байдал ажиглагддаг. Тиймээс энэ онд дуурийн театр ямар менежмент, бодлого баримталж ажиллах вэ?

-Сонгодог урлагийг шимтэн үзэх үзэгчдийн тоо бүх л улсад нийгмийн хүн амынхаа маш бага хувийг эзэлдэг. Манай улсын хувьд бол гуравхан сая гаруй хүн амтай гэхэд сонгодог урлагийг ойлгож, дурлан үздэг үзэгчдийн тоо харьцангуй өндөр байдаг. Бид жилдээ 80-100-гаад тоглолт зохион явуулдаг. 40 нь бүжгийн жүжгиг үлдсэн нь дуурийн бүтээл байдаг. Тэр дунд балет сонирхдог үзэгчид дуурийнхаас хавьгүй их. Балет өөрөө харьцангуй залуу үзэгчтэй. Тиймээс үзэгчийн тооны хувьд зөрүү гардаг. Гэхдээ дуурийн үзэгчид маш их мэдрэмжтэй, хөгжмийн өндөр боловсролтой хүмүүс байдаг. Бид цаашдаа залуучуудыг сонгодог урлагт дуртай болгох, тэдний сонирхлыг татахуйц шинэлэг бүтээлээр үзэгчдээ цэнэглэх бодолтой байна. 

Тиймээс манайх энэ жилээс эхлэн хүүхдэд зориулсан хөтөлбөр бий болгосон. Дэлхийн сонгодог бүтээлийг хялбарчилсан байдлаар шинэчлэн найруулж бага насны хүүхдэд тоглохоор бэлтгэж байна. Хүн бүхэн театр луу  ирж тоглолт үзэх зав чөлөө тэр бүр гардаггүй. Тиймээс  манай театрын хуваарь,сонгодог жүжгийг гар утасныхаа апликэйшн дээрээс захиалаад үзэх боломжийг бүрдүүлнэ. Ер нь аль болох үзэгчиддээ ойртох, тэдний сонирхлыг татах, бүтээлүүдээ чанартай тавих зорилготой ажиллаж байна.

-Өнөөдөр дуурийн театрын уран бүтээлчдийн хувьд дэлхийд өрөсөлдөхүйц хэмжээний авьяас чадвартай гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн. Харин нөгөө талаас харвал манай театрыг дэлхийн томоохон театруудтай харьцуулбал хөгжил нь ямар шатанд байна вэ?

-Манай театрын тоглолтыг үзэж сурсан бүр “мэргэшсэн” үзэгчид бий. Тэд театрын тоглолт  ямар түвшинд болсныг мэдэрч чаддаг.  Тэдгээр үзэгчимд маань театрын хөгжлийг надаас илүү тодорхойлно байх. Энэ оноос эхлэн хүүхдэд зориулсан тоглолтыг сар бүр хийхээр болсноо дээр дурдсан. Бид зориуд ирээдүйн үзэгчдээ бэлтгэж байгаа хэрэг. Өнөөдрийн хүүхдүүд хэдэн жилийн дараа манай театрыг зорьж ирдэг, урлагийн мэдрэмжтэй, хүнлэг, “сонгодог” иргэн болон төлөвшөөсэй гэж хүсч байна.

-Сүүлийн үед театрын хамт олон гадны уран бүтээлчдийг урьж авчирч эх орондоо тоглолт зохион байгуулах болсон. Нөгөөтэйгүүр уран бүтээлчид хоорондоо туршлага солилцож байгаа хэрэг болов уу. Нууц биш бол ирэх онд дэлхийн хэмжээний ямар томоохон уран бүтээлчдийг эх орондоо урьж авчрах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Манай театрын үйл ажиллагаа хоёр чиглэлтэй. Дэлхийн сонгодог урлагийг Монголд авчирдаг, Монголынхоо үндэсний сонгодог урлагийг дэлхий нийтэд таниулдаг. Нэгдүгээрт мэдээж хэрэг туршлага солилцоно,суралцана, хоёрдугаарт манай уран бүтээлчид өөрсдийгөө үнэлэх үнэлэмж бий болно. Бид дэлхийн уран бүтээлчидтэй өөрийгөө дүйцүүлж, цэгнэх боломж бүрддэг. Бидний бас нэг зорилго бол үзэгчдийн боловсролд анхаарч ажиллаж байна.

Милан, Большой, Санкт-Петербург зэрэг театруудын алдартай уран бүтээлч, удирдаачид өнгөрсөн онд манай театрт ирж тоглосон. Мэдээж үзэгчид дор бүрнээ сонгодог урлагийг мэдэрч, ойлгох үнэлэмж нь дээшилсэн байх гэдэгт итгэлтэй байгаа. Ирэх онд Италиас хоёр ч том удирдаач урьж ирүүлэхээр болсон. Мөн нэг шинэ уран бүтээл дээр Италийн нэлээд нэр хүндтэй найруулагчтай хамтарч ажиллана. Оросын удирдаач, уран бүтээлчид ирнэ. Басхүү бидний байнгын түнш БНСАУ-аас сонгодог урлагийн дуучид, бүжигчид ирж тоглолт хийхийн сацуу манай уран бүтээлчид ч бас солилцоогоор явна. Маш олон ажил төлөвлөсөн эхнээсээ амжилттай хэрэгжиж эхлээд байна.

-Бид гаднаас томоохон уран бүтээлчид авчирч тоглолт зохион байгуулж байгаа нь сайн хэрэг. Нөгөөтэйгүүр дэлхийн томоохон театруудад манай чадварлаг уран бүтээлчид ч ур чадвараа сорьж байна. Харин гадаадад шинэ залуу уран бүтээлчийг бэлтгэх тал дээр хэр анхаарлаа хандуулдаг вэ. Төрөөс энэ тал дээр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг үү?

-Театраас өөрсдийн уран бүтээлчдээ гадаадын томоохон тайзан дээр очиж дуулах, сургалтад явуулах тал дээр их анхаарч ажилладаг. Гэхдээ бид тэдгээр хүмүүст замын зардал, санхүүгийн байнгын дэмжлэг үзүүлэхэд хүндрэлтэй. Гэвч гар хумхиад суудаггүй, энд хийдэг ажлыг нь зохицуулаад, цалинг нь олгоод явуулж байгаа. Тэр хэрээр гадагшаа явсан хүмүүс илүү туршлагажиж, чадвар нь үргэлж дээшилж байдаг давуу талтай. Үүнийг нийгмийн зарим хүмүүс буруугаар хүлээж авдаг. Жишээ нь Э.Амартүвшинг дууриас хөөсөн ч гэдэг юм уу, ташаа мэдээллүүд их гардаг. Гэтэл тэр хүн гадаадын томоохон театрт дуулдаг, Монголдоо ирээд дуурийн тоглолтондоо оролцоод явж л байдаг. Хэдий гадагшаа дуулахаар явсан ч театртайгаа байнга холбоотой байдаг. Саяхан Германы театрт дуулахын хажуугаар эх орондоо ирж хоёр ч дуурьт оролцчихоод явсан. Цаашдаа Э.Амартүвшин шиг олон мундаг уран бүтээлчид төрнө гэдэгт итгэлтэй байна. Азаар монгол орон минь авьяастнуудаар барагдашгүй юм даа. Ямар ч уран бүтээлч харь газар эх орныхоо нэрийг өргөхөөр явлаа гэхэд театр хоосордоггүй, өөр сайхан уран бүтээлч гараад л ирдэг. Хамгийн гол нь бид үндэсний урлагаа дэлхийд гайхуулах, Монголын чадалтай уран бүтээлчдээ дэлхийд таниулах зорилготой л ажиллаж байгаа.

-Монголын алтан баритонууд хэмээн алдаршиж байгаа манай эрэгтэй дуучдын амжилт дуурийн театрыг дэлхийд таниулахад маш их нөлөө үзүүлж байгаа болов уу?

-Тэгэлгүй яахав. Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, Ч.Бадрал зэрэг дуучин Монголын сонгодог урлагийг дэлхийд хүлээн зөвшөөрөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан. Одоо тэдний залгамж болж шинэ залуу уран бүтээлчид олноор төрж байна. Эх оронд минь авьяастнууд мэндэлсээр байна.

-Өнгөрсөн оны сүүлчийн улирлын тоглолт А.Аданы “Жизель” балет байсан. Тайз засалт болоод уран бүтээлчийн чадвар сайн байсныг үзэгчид үнэлж байсан. Энэ жил театрын бүрэлдэхүүнд өөрчлөлтүүд орсон уу?

-Театрын уран бүтээлчдийн хувьд сүүлийн гурван жилд онцгой “залуужсан” гэж хэлж болно. Залуу уран бүтээлчид маш ихтэй болсон. Нийт ажиллагсдын 60-аад хувь нь 40-өөс доош насны залуучууд байгаа. Симфони найрал хөгжим, балет маань үнэхээр шижгэнэсэн сайхан залуусаар сэлбэгдлээ.  Би яг одоо өнгөрсөн долоо хоногоос авахуулаад тогтмол сууж хөдөлмөрийн гэрээ хэлцэл хийгээд дуусч байна. Энэ жилийн хувьд олон шинэ уран бүтээлч театрт орж ирсэн. Хамгийн гол нь цуг ажиллахад маш их эрч хүчтэй, нэг хөгжим тоглоход тэр нь шинэ уран бүтээл байдаг, нэг дүрийг маш өвөрмөц шинэлэг байдлаар тайзан дээр амилуулдаг. Ийм сайхан залуулаг хамт олонтой шинэ оноо угтаад ажил үүргээ хэдийн жигдрүүлчихсэн явж байна даа. 

-Социалист нийгмийн үед сонгодог урлагийг бодлогын чанартай хөгжүүлж байсан. Одоо ч энэ зарчмаар явж байгаа юу. Орчин цагийн шинэ менежмент хийсэн үү?

-Хийлээ ч гэсэн маш их бодлоготой хийх хэрэгтэй. Сонгодог урлагийг бизнес болгосноор олон театрууд үүдээ барьсан гашуун туршлага бий. Сонгодог урлагийг эдийн засгийн хүрээнд ч тэр, аль ч талаараа юмыг өргөн утгаар нь харж чаддаг хэсэг хүмүүс хөгжүүлж ирсэн түүхтэй. Тиймээс тэр хэсэг нь дэмждэг, дээрээс нь төр өөрөө бодлогын чанартай хөгжүүлэхгүй бол сонгодог урлагийн салбар маш хэцүү. Тэр тусмаа манай орон олон жилийн өмнөөс улс орны хөгжил, Монголчуудыг дэлхийд таниулахад сонгодог урлаг маш их нөлөө үзүүлнэ гэдгийг мэдэж шийдвэр гаргадаг байсан. Манай томоохон дуучид үнэхээр эх орноо дэлхийд таниулж чадаж байна. 50 гаруй жилийн өмнө гарсан төрийн шийдвэр нүдээ олжээ гэдгийг одоо бид харж байна. Тийм учраас төрөөс зөв бодлого хэрэгжүүлдэг түүн дээр нь бид орчин цагийн менежментийг нэгтгэдэг  байх хэрэгтэй. Төрөөс санхүүгийн дэмжлэг авахгүйгээр энэ урлаг шат ахиж чадахгүй. Гол нь төр маш зөв бодлогоор сонгодог урлагаа дэмждэг байх, үүнд дээр менежментийг холимог системтэйгээр цаашид зохицолдуулж чадвал бид урагшилна. 

-Та нэгэнтээ УДБЭТ гэх их айлыг тэргүүлээд тав дахь жилдээ оржээ. Мэргэжлийн бус хүн театр удирдаж байна гэх шүүмжлэл иргэдийн зүгээс нэлээд гардаг байсан. Өнөөдөр та яг юуны төлөө энэ бүхнийг сөрж, тэмцэж ажилласаар байна вэ?

-Яг үнэнийг хэлэхэд би сонгодог урлагт хайртай, дуртай болохоор л энд байна.

-Хэдийгээр гэр бүлийнхэн тань урлагийн хүмүүс байгаагүй ч таныг багаасаа урлагт их ойрхон өссөн хүн гэж сонссон?

-Би багадаа хөгжмийн урлагаар хичээллэдэг, сургуулийнхаа аливаа урлагийн арга хэмжээнд тасралтгүй оролцдог нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Дөрөвдүгээр ангиасаа хойш өдий хүртэл театрын үзэгч хэвээр л байна. Өөрийн сонирхолдоо хэт их хөтлөгдөн, нэгэнт орчихвол гарах замаа олж чаддаггүй хүний нэг хүсэл байдаг даа. Дөрөвдүгээр ангийн жаахан охиныг эзэмдэж, надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн гайхамшигтай зүйл бол хөгжим байсан. Амьдралыг их сайхан болгодог, гэрэл гэгээгээр бялхуулдаг орчинд ажиллаж байгаа болохоор би хэзээ ч "ядарч" байна гэж хэлдэггүй.

-Та нэг ярилцлагадаа “Магадгүй хэдэн жилийн дараа кино урлагт үнэнч зүтгэх байх” гэж ярьж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нэлээдгүй кино зохиол бичсэн байна. Зохиол бичихэд миний ажил садаа болдоггүй. Би цагаа зөв зохицуулж чадвал ажлаа хийгээд хажуугаар нь зохиол бүтээлээ бичиж болно.

Би насаараа театрын захирлаар ажиллах боломжгүй. Магадгүй алсдаа удирдлага солигдоно, ажлаа өгөх цаг ирнэ. Тэр үед би кино зохиолоо л бичих байх. Өнгөрсөн онд 24 ангитай кино бичсэн. Удахгүй дэлгэцээр гарах тул нэрийг нь нууц хэвээр үлдээе. Өнөөдөр миний цалин бага боловч шөнө оройн цагаар орчуулга хийж орлогоо нэмэгдүүлдэг. Гэвч яг одоо энэ цаг мөчид би ажилдаа дуртай, эх орныхоо сонгодог урлагийг дэлхийд таниулах чин хүсэлтэй болохоор бусдаас түрүүлж сэтгэж, үзэгчиддээ ойртох бодлого барьж ажиллаж байна даа.

Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ