Увс аймгийн нийт нутгийн 90 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-17 18:37:47

 Увс аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж гурван асуудлыг авч хэлэлцсэн байна.

Энэ үеэр өвөлжилт хүндрээд байгаа сумдад ажилласан гурван ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж, тус сумдын малчдад өвс тэжээл хүргэх, сумдын аюулгүйн нөөцийн өвс тэжээлийн хуваарилалтыг хийх, хөдөөгийн малчин иргэд, бага насны хүүхэд, өндөр настнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, отроор бусад сумдад өвөлжиж байгаа малчдад төрийн үйлчилгээг хүргэх, хаагдсан зам, давааг нээх асуудлыг хэлэлцлээ. Одоогийн байдлаар Увс аймгийн нийт нутгийн 90 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон, 13 суманд өвөлжилт хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа тул шаардлагатай хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс гаргаж, малын био бэлдмэлийг нийлүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

“Давст, Сагил сумын малчид хилийн бүс, зурвас нутагт малаа бэлчээрлүүлэх боломжтой, энэ тал дээр холбогдох дээд шатны байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн. Цаашлаад Заставын дарга, сумын Засаг дарга, малчид гурвалсан гэрээ байгуулж ажиллах болно” хэмээн Хилийн цэргийн 0245-р ангийн захирагч Ц.Батбаяр хэллээ.

Ард иргэд, төр захиргааны байгууллага, малчид, иргэдийн уялдаа холбоотойгоор хүндрээд буй цаг үеийг хохирол байгатай давах нь хамгийн чухал асуудал болоод байна хэмээн Онцгой комиссын гишүүд ярьж байв.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ