Цэвэр усны шугам хоолой гэмтсэнээс болж 49 худаг түр хугацаагаар ажилласангүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн гэр хорооллын цэвэр усны шугам хоолой хагарснаас болж найман багийн 49 худаг найман хоног ажилласангүй. Учир нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр МОН 2301 төслийн хүрээнд суурилуулсан шугам хагарч үүнийг засах сэлбэг дутуу, төслийн багийнхнийг дуудахад цаг алдсан байна.
Орхон аймгийн гэр хорооллын дундуур нийт 35 км хоолой тавьсан бөгөөд үүний 28 км нь ширэм, үлдсэн нь хүчитгэсэн хуванцар хоолой ажээ. Хүчитгэсэн хуванцар хоолой нь төв шугам буюу гүний худгаасаа усаа шууд татдаг. Гэтэл эдгээр нь хагарч сэлбэг, хэрэгсэл нь олдохгүй удсан байна. Шугам суурилуулсан “Одкон холдинг” ХХК баталгаат хугацаа нь дуусаагүй байсан тул засварын ажил хийж зарим худгуудыг хэвийн ажиллагаанд нь орууллаа.
Гэр хорооллын усан хангамжийг сайжруулах зорилгоор Булган аймгийн Чингэлийн голоос орхончууд усаа шугамаар татдаг. Тодруулбал, 50 худаг эл шугамтай холбогдсон юм. Хэрэв шугамд гэмтэл гарвал энэ мэт худагнууд усгүй болох эрсдэл ойрхон байгаа тул засварын ажлыг сайн хийх хэрэгтэй гэж Хотын захирагчийн алба гүйцэтгэгч байгууллагад анхаарууллаа.
Б.Оюун-Эрдэнэ