Мисс А.Баярцэцэгийн тоглосон “Явуулын хүн” кино удахгүй нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2017-01-20 14:17:58

АНУ-ын Вашингтон хотноо болсон 66 дахь удаагийн “Дэлхийн мисс”-т амжилттай оролцож, шилдэг 11-т багтсан мисс А.Баярцэцэг ирэх сард Монголдоо ирнэ. Тэрээр гол дүрийг нь бүтээсэн “Явуулын хүн” уран сайхны киноны нээлтээ хийх аж.

“Mongolian Social Channel” студийн бүтээл болох тус киноны Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрийг бүтээжээ. Киноны гол дүрүүдэд МУГЖ жүжигчин С.Дамдин, Ё.Цог, Л.Дэмидбаатар нар тоглосноос гадна ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан ажилласан байна.

“Явуулын хүн” уран сайхны киноны зураг авалтыг өнгөрөгч есдүгээр сард Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт авчээ. Хүний сэтгэлийн ариун нандин мөн чанар хийгээд залуусын хайр сэтгэлийн асуудлыг ч тус кинонд нарийн хөндөж харуулахыг хичээсэн бөгөөд үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндсөн сайхан бүтээл болж чадсан гэдэгт студийн хамт олон итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ