Чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-16 18:42:26

УИХ-ын чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжлээ.

Чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн. Түүний мэдээллийг хаалттай горимоор сонссон тул чуулганыг хаалттай горимд шилжүүлээд байсан юм. Ерөнхий сайдын мэдээллийг сонсож дууссан тул Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд ирэх 8 дугаар сарын нэгнээс 9 яамтай болох хувилбарыг төсөвт тусгахдаа судалгаа шинжилгээнд тулгуурласан эсэхийг тодруулсан юм. Л.Болд гишүүний асуултад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, "1996-2000 оны хооронд 9 яамтай ажилласан байдаг. Түүнээс бусад үед 15 яамтай ажиллаж ирсэн. Бүтцийн өөрчлөлтийн судалгаа нь 3 жилийн хугацаанд хийсэн бэлэн санал байсан юм. Үүнийг үндэслэж оруулж ирсэн. Иймээс бүтэц цомхон байх асуудлыг яамнаасаа эхлэх нь зүйтэй гэж үзсэн. Цомхон яамтай байх нь зүйтэй. Дэд сайдгүй байх нь зүйтэй гэж үзсэн" хэмээн хариулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж гишүүд сонирхсон асуудлаа тодруулж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ