Пак Гын Хэг огцруулах эсэхийг аль болох түргэн шийдвэрлэхийг уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах эсэх асуудлыг аль болох ойрын хугацаанд шийдвэрлэхийг тус улсын Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Пак Хан Чул уриаллаа.
Тус шүүх Пак Гын Хэг огцруулах эсэхийг шийдэх юм.
9 гишүүн бүхий Үндсэн хуулийн шүүхийг даргалах хугацаа Пак Хан Чул-ын хувьд өчигдөр дуусчээ. Тэрбээр зургаан жилийн хугацаанд энэ ажлыг гүйцэтгэсэн байна.
Дэлхийн улс төр болон эдийн засаг хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед манай улс Ерөнхийлөгчөө албан тушаалаас нь түдгэлзүүлээд бараг хоёр сар боллоо гэж Пак Хан Чул хэлээд “Үндсэн хуулийн шүүхийн бусад найман шүүгч Пак Гын Хэг огцруулах эсэхийг аль болох түргэн шийдвэрлэх хэрэгтэй. Ард түмэн үүнийг хүсч байна” гэлээ.
Үндсэн хуулийн шүүхийн наад зах нь зургаан шүүгч дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг огцруулдаг байна. Тус шүүхийн өөр нэг гишүүн гуравдугаар сарын 13-нд тэтгэвэрт гарах аж. Ингэснээр тус шүүхийн гишүүдийн тоо 7 болох юм.
Дээрх хоёр хүний оронд өөр хүмүүсийг томилохгүй байж магадгүй. Учир нь ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж буй Ерөнхий сайд Хван Кё Ан шүүгчдийг шинээр томилох ёсгүй гэж тус улсын сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм.
Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжсэн тохиолдолд ерөнхийлөгчийн сонгуулийг 60 хоногийн хугацаанд багтаан явуулах ёстой.
Г.Доржханд