Мэжик Жонсон "Лэйкерс"-ийн зөвлөхөөр ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА./TASS/. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ “Лос-Анжелес Лэйкерс” клубын ерөнхийлөгч Жини Басс тус багийн бүрэлдэхүүнд тамирчны замналынхаа туршид тоглож байсан алдарт хамгаалагч Мэжик Жонсоныг өөрийн зөвлөхөөр ажиллахыг урьжээ.
"Лэйкерс"-ийн бүрэлдэхүүнд NBA-ын лигийн таван удаагийн аварга болж байсан Мэжик Жонсон ерөнхийлөгчийнхөө шууд удирдлага дор ажиллах ба түүний ажил үүргийн хуваарьт бизнес, сагсан бөмбөгийн асуудлаар клубын тэргүүнд зөвлөгөө өгөх, мөн түүнчлэн дасгалжуулагчдын зөвлөлтэй харилцах, тоглогчдын чадварыг үнэлэх зэрэг багтах юм байна.
“Асар их туршлага, чадвартай Жонсон "Лэйкерс"-дээ эргэн ирсэнд бид маш их баяртай байгаа бөгөөд энэ нь бидний хувьд нэр хүндийн хэрэг юм” гэж Басс мэдэгдэв.
“Намайг Лэйкерс-т ямар их хайртайг бүгд мэднэ. Олон жилийн туршид би бусад хувилбаруудыг бодож үздэг байсан, харин сагс бөмбөг тоглох, Лос-Анжелесдаа байх гэсэн миний энэ үнэнч зан нь энэ клубыг миний анхны бөгөөд цорын ганц сонголт болгосон юм. NBA-ын элит багуудын дотор байр сууриа эргүүлэн авахад нь "Лэйкерс"-т би чадах бүхнээрээ туслах болно” гэж Жонсон илэрхийлжээ.
Одоогийн байдлаар, "Лос Анжелес Лэйкерс" баг Баруун конференцийн тэмцээний хүснэгтэд сүүлээсээ хоёрдугаарт бичигдэж байгаа аж.
Өдгөө 57 настай Жонсон "Лэйкерс" багт 1979-1991 онд, мөн 1995/96 оны улиралд тоглож байжээ. Тэрбээр MVP буюу хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор байнга тодорч байснаас гадна NBA-ын бүх оддын тэмцээнд 12 удаа оролцжээ. Түүнчлэн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд "Барселона-1992" Олимпийн наадмын аварга болж байв. Энэ бүх амжилтыг нь үнэлэн 2002 онд сагсан бөмбөгийн Алдрын танхимд Жонсоны нэрийг мөнхөлжээ.
О. Барс