Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдэд нэг тонн сүү, цагаан идээ хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-02-03 19:22:02

“Зөв хэрэглээ цагаан идээ” үндэсний хөдөлгөөнөөс “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдааны үеэр Чингэлтэй дүүргийн 39, 103, 104, 155, 174 дүгээр цэцэрлэгт нэг тонн сүү, цагаан идээ хандивлав.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилгаар зохион байгуулж буй эл үзэсгэлэн худалдаа өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд нээлтээ хийсэн юм.

Тэрбээр хэлэхдээ, “Одоогоор манай малчдын авчирсан цагаан идээ 100 гаруй тонн болж байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 1-2 тэрбум төгрөг. Бид жилд хэр их хэмжээний чихэр гаалиар оруулж ирдэг,  хичнээн хэмжээний мөнгө зориулдгийг тооцоход 30-50 сая ам.доллар зарцуулдаг юм байна. Энэ нь жилд ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн чихэр авахад зарцуулдаг гэсэн үг. Тэгэхээр иргэд сүү цагаан идээгээ өргөн хэрэглэвэл улс орныхоо үндэсний үйлдвэрлэл, эдийн засгаа дэмжиж буй том хөрөнгө оруулалт болно. Иймээс монголын ард иргэддээ сүү, цагаан идээгээ түлхүү хэрэглэхийг уриалж байна” гэв.

Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн 10 гаруй сумын 100 гаруй малчин, үйлдвэрлэгч сүү, цагаан идээ худалдаалж байв.

Тухайлбал, чихэртэй хорхой ааруул 12-13, чихэргүй ааруул 10-12, сүүн хурууд 20, иж бүрэн тавгийн ааруул 130-200, бурханы тавгийн ааруул 30, шар тос 10, сарлагийн өрөм 10-15 мянга, сарлагийн сүү 2500-3000 төгрөгийн үнэтэй байлаа.

Энэ үеэр СТА Э.Цолмонбаяр “Алаг чихрээс татгалзаж Ааруулаа хэрэглэцгээе” чэллэнж эхлүүлж олимпийн аварга Э.Бадар-Ууган, “TV Cocktail” хамтлагийн жүжигчин Л.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш нарыг нэгдэхийг уриалсан юм.

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд маргаашнаас Өмнөговь аймаг урилгаар нэгдэхээ мэдэгдэв.

Р. Хишигжаргал

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ