Иргэдийн хурлын төлөөлөгчид номын дуу сонсож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн сумдын ИТХ-ын төлөөлөгчид энэ оны хоёрдугаар сарын 01-нээс эхлэн Сайншанд хотноо номын дуу сонсож байна.
Төлөөлөгчид оршин байгаа нутгийнхаа эдийн засаг нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэхэд шаардлагатай суурь мэдлэгийг сургалтаар эзэмшиж байгаа аж.
Энэ талаар Дорноговь аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзулаас тодруулахад “Улсын Их Хурлын тамгын газар, Швецарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс 2013 оноос эхлэн манай улсад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлсэн.
Дээрх төслийн хоёрдугаар үе шат буюу төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл 2016-2020 онд хэрэгжиж байгаа.Төслийн эхний ажил болох бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтыг аймгийн ИТХ-аас зохион байгуулж эхлээд байна. Сургалтын зорилго нь ИТХ-ын төлөөлөгч гэж ямар эрх үүрэгтэй хүн бэ?, хууль тогтоомжийн хүрээнд яаж ажиллах, ямар асуудлыг мэдвэл зохиолтой байдаг талаар мэдээлэл өгч, санал солилцож, багаар ажиллаж байгаа юм.
Төлөөлөгчдөд “Иргэдийн оролцоо ба иргэдтэй харилцах нь”, “Байгаль хамгаалал, газрын харилцаа”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, байгуулалтын хэлбэр”, “Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага” зэрэг сэдвээр үндэсний сургагч багш төв аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн, "Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн, Н.Баярсайхан, Дорноговь аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, Сайншанд сумын Ерөнхий боловсролын V сургуулийн захирал Б.Эрдэнэцэцэг нар хичээл зааж байна” гэв.
Дорноговь аймгийн 14 сумын ИТХ-ын 272 төлөөлөгч гурван ээлжээр тус бүр хоёр өдрийн хугацаатай хамрагдаж буй сургалтын эхний хоёр өдөр Сайншанд, Мандах, Замын-Үүд, Сайхандулаан сумын төлөөлөгчдид хамрагдсан бол дараагийн хоёр өдөр Айраг, Даланжаргалан, Иххэт,Алтанширээ, Дэлгэрэх сумын төлөөлөгчид оролцож буй.
Үлдсэн хугацаанд Өргөн, Эрдэнэ,Улаанбадрах, Хөвсгөл,Хатанбулаг сумын төлөөлөгчдид хамрагдах аж. Дашрамд дурдахад төлөөлөгчдөд номын дуу сонсгож буй үндэсний сургагч багш нар 2016 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо төслийн хүрээнд долоо хоногийн хугацаатай бэлтгэгджээ.
Х.Эрдэнэбулган