Зочид буудлууд АСЕМ-д бэлтгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-19 15:27:14

Монгол Улс ирэх  оны долдугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахаар  зургаан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Үүний нэг нь Зочид буудлуудыг  бэлтгэх ажлын хэсэг юм.

Тэгвэл гадаадын 4000 гаруй зочин хүлээн авах 42 буудлын ерөнхий менежерүүд сургалтад сууж эхэллээ. Тэд  Дипломат ёс зүй, дипломат ёслол, хүндэтгэлийн аргууд болон зочид буудлын үйлчилгээний талаарх цогц мэдлэгийг хоёр өдрийн сургалтаар олж авах юм байна.

АСЕМ-ын бэлтгэл ажлыг зохион байгуулах хорооны орлогч дарга Б.Баясгалан ярихдаа,  “Сонгосон 42 зочид буудалд нийт 3500 гаруй ажилтнууд ажиллаж байна гэсэн судалгаа бий. Эдгээр ажилтнуудыг олон улсын жишигт нийцүүлэн мэргэшүүлэх чиглэлээр гадаад, дотоодын сургагч багш нарыг урьж ирүүлэн шат дараалсан сургалт зохион байгуулах юм. Эхний сургалтыг зочид буудлуудын менежерүүдэд олгож байна. Сургалтаар төрийн ёслол хүндэтгэл, зочдыг угтах үдэх соёл, хувцаслалт гээд зочид буудлын үйл ажиллагаа ямар стандарттай байх ёстой  вэ гэдэгт мэргэжлийн хүмүүс олон улсын жишигт тулгуурлан мэдлэг, мэдээлэл өгч байна” гэв.  

Монголын зочид буудлын холбооны Ерөнхийлөгч С.Мөнхбат, “Сонгогдсон зочид буудлууд маань АСЕМ-ын хуралд бүх хүчээ дайчлан бэлтгэж байна. Өнгө төрхөө сайжруулахаас эхлээд ажилтнуудаа сургахад анхааран ажиллаж байна. Зочид буудлуудын хувьд зочинтой харилцахын тулд гадаад хэлний мэдлэг өндөр байх ёстой. Энэ талаар нэлээд анхаарч байна” хэмээн тодотгов.

АСЕМ-д оролцох зочдын тоо нэмэгдвэл буудлын нөөцийг 10-15-аар нэмэх аж. Одоогийн байдлаар сонгогдсон 42 зочид буудал зээлийн үнэлгээгээ хийж эхэлсэн байна. Өөрсдийн хөрөнгөөр “Кемпински” зочид буудал  гаднах орчноо тохижуулж буй бол “Декор” зочид буудал өргөтгөлөө хийж эхэлжээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ