Хулгайд алдагдсан футболк 500 мянган долларын үнэд хүрч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-02-07 16:27:55

ВАШИНГТОН. /TASS/. “Нью-Инглэнд Пэтриотс” клубын дамжуулагч тоглогч /квотербек/, Хойд Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн супербоулын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан Том Брэдийн хулгайд алдагдсан футболк 500 мянган ам.долларын үнэд хүрч магадгүй ажээ.

Ийм таамаглалыг "Goldin Auctions" гэдэг дуудлага худалдаа зохион байгуулдаг компанийн эзэн Кен Голдин дэвшүүлсэн байна.

Түүний хэлснээр, уг футболкны анхны үнэ дор хаяж 300 мянган ам.доллар байх аж. “Брэди бол Америк хөлбөмбөгийн бүхий л түүхэн дэх хамгийн нэрд гарсан тоглогч бөгөөд сүүлийн 40 жилд төрөн гарсан нэртэй тамирчдаас зөвхөн Майкл Жорданы ард бичигдэж байгаа” хэмээн Голдин ярьжээ.

Ням гарагийн шөнө “Нью-Инглэнд Пэтриотс” баг Супербоулын шувтаргын тоглолтод 25 оноогоор хожигдож яваад төгсгөл үеийн нэмэлт цагт “Атланта Фэлконс” багийг 34:28-ын харьцаагаар хожсон байна. Брэди шувтаргын шатны тоглолтын түүхэнд хамгийн гарамгай “камбэк”-ыг хийхэд гол үүрэг гүйцэтгэжээ.

Тоглолт дууссаны дараа хувцасны өрөөнөөс Брэдигийн талбайд гарахдаа өмсч байсан футболк нь алга болсон байна. Тоглогчдоо навчин тамхиар дайлахаар ирсэн клубын эзэн Роберт Крафт-д хулгай гарсан талаар Брэди дуулгажээ. Үүнийг сонссон Крафт “чиний футболк удахгүй интернетээр зарагдана даа” гэж хэлсэн аж.

Брэдигийн хувцсыг хулгайлах хүн клубынхны дунд байхгүй гэж Америкийн спортын сэтгүүлчид үзэж байна. Мөн тамирчдын байрладаг газрууд дүрс бичлэгийн камераар тоноглогдсон байдаг учраас хулгайч этгээд удахгүй баригдана хэмээн найдаж болох юм.

О. Барс  

 

 

Холбоотой мэдээ