МОНЦАМЭ-гийн Орон нутаг дахь сэтгүүлчдийн сургалт, семинар болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭМОНЦАМЭ агентлагийг орон нутагт төлөөлдөг сэтгүүлчид энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо цуглан төв байрандаа номын дуу сонсож байна.
Тус агентлагийн дарга Б.Ганчимэг орон нутгийн сэтгүүлчдийн сургалт семинарыг нээж хэлсэн үгэндээ МОНЦАМЭ бол Монгол улсын 21 аймагт төлөөлөгчтэй цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллага гэдгийг онцлоод тус байгууллагыг орон нутагт төлөөлж буй сэтгүүлчид хариуцлагаа өндөр түвшинд ухамсарлан ажиллахын чухлыг сануулав.
Сургалт семинарын эхний өдөр Монголын хэвлэлийн хүрээлэнгийн багш Р.Оюунцэцэг сэтгүүлчдийн өөрсдийнх нь бэлтгэсэн мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ хийж, мэдээний стандарт, тэнцвэртэй байдал, баталгаатай эх сурвалжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хоёр өдөр үргэлжлэх сургалтаар хөдөөгийн сэтгүүлчид цахим орчинд мэдээлэл түгээх зарчмын тухайд байгууллагынхаа төв редакцийн удирдлагуудтай санал солилцож туршлага судлахын зэрэгцээ МОНЦАМЭ агентлаг МСНЭ-ээс хамтран Чингис зочид буудалд зохион байгуулж буй "Сэтгүүлчдийн бүтээмж, сэтгэлгээ, имижилоги" сэдэвт семинарт оролцох юм. Мөн улс эх орны цаг үеийн тулгамдсан асуудал болох агаарын бохирлын асуудлаар мэргэжлийн судлаачтай уулзалт хийнэ.
Б.Занданхүү