Цагаанхайрханы малчин эмэгтэйчүүд чууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы Цагаанхайрхан сумд төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо.
Мал аж ахуйн салбарын хүнд хүчрийг нугалдаг малчин эмэгтэйчүүдээ алдаршуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, харилцан туршлага солилцох зорилготой чуулга уулзалтад тус сумын дөрвөн багийн 120 гаруй малчин эмэгтэйчүүд оролцжээ. Чуулга уулзалтанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцож малчин эмэгтэчүүдэд тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцаж санал солилцон төлчин эмэгтэйчүүддээ баяр хүргэж амжилт хүслээ. Мөн тус сумд нэн тэргүүнд шаардлагатай байгаа Ширээгийн голын гүүрний засвар, сургуулийн орчин дахь био нойлын асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлэв.
Чуулганы үеэр алдарт дуучин П.Адарсүрэнгийн дууг хэн сайн дуулах вэ, тэмцээнийг зохион байгуулж Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй, Алдархаан сумын найман багийн 47 малчин эмэгтэйчүүд оролцлоо. Мөн “Бүтээлч эмэгтэй” нэртэй малчин бүсгүйчүүдийн урласан арьс ширэн эсгий болон гоёлын шүрэн хэлхээ, зүү ороох хатгамалаар урлсан бүтээлүүдийн үзэсгэлэн болж “Шилдэг төлчин эмэгтэй”, “Шилдэг хатан ээж”, “Цагаан сүүний цацал”, “Спортлог-төлчид”, “Төлчин мисс-2017” гэхчлэн сонирхолтой олон төрлийн үйл ажиллагаа болжээ. Ийнхүү хоёр өдрийн турш малчин эмэгтэйчүүд жилийн дөрвөн улирлын цаг наргүй ажлаасаа түр амсхийж, олон төрлийн сонирхолтой арга хэмжээнд оролцож байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.
Б.Мягмарсүрэн