Агаарын бохирдлын улмаас жилд 4.2 сая хүн амиа алдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-02-16 11:20:59

ШАНХАЙ. /CNN/. 2015 онд дэлхийн хэмжээнд агаарын бохирдлын улмаас нас барсан нийт хүний талаас илүү хувь нь Хятад болон Энэтхэгийн иргэд байна гэж өчигдөр гаргасан нэгэн судалгааны тайланд бичжээ.

АНУ-д төвтэй “Health Effects Institute” хүрээлэнгийн судалгааны тайлангаас үзвэл, 2015 онд дэлхийн хэмжээнд агаарын бохирдлын улмаас 4.2 сая гаруй хүн цаг бусаар хорвоог орхижээ. Энэ хүмүүсийн 2.2 сая орчим нь Хятад болон Энэтхэгийн иргэд ажээ. Агаарын бохирдол нь хүний аминд хүрч буй гол хүчин зүйлсүүдийн тавдугаарт бичигдэж байна.

Мөн тус хүрээлэнгийн мэдэгдсэнээр, дэлхийн нийт хүн амын 92 хувь нь бохир агаараар амьсгалж байна.

Агаарын бохирдол нь хорт хавдар, цус харвалт, зүрхний өвчин болон багтраа зэрэг амьсгалын замын өвчин үүсгэдэг.

Хүн амынхаа тоогоороо дэлхийд тэргүүлдэг БНХАУ болон Энэтхэгт агаарын бохирдлын улмаас жилд тус бүр 1.1 сая хүн амиа насаа алддаг байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ