Тархины MRI-гийн тусламжтайгаар аутизмыг оношилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-02-16 15:46:42

ЛОНДОН./BBC/.Эмчилгээний практикт 2-оос дээш насны хүүхдэд аутизмын шинжилгээ хийдэг. Харин "Nature" сэтгүүлд дүн нь нийтлэгдсэн нэгэн судалгааны явцад 148 хүүхдэд 6, 12, 24 сартай байхад нь томографийн шинжилгээ хийжээ.

Шинжилгээний дүнгээр, тархин дахь бусадтай харилцах үйлдлийг хариуцсан хэсгийн гадар нь томорсон хүүхдэд аутизмын /өөрийгөө бусдаас тусгаарлах сэтгэхүйг бий болгодог тархины эмгэг/ шинж тэмдэг ажиглагджээ.

Шинэ судалгаа нь аутизмын спектрийн алдагдлын эмчилгээнд инновацийн шинэ хандлагыг боловсруулан гаргахад тус дөхөм болох юм. Учир нь хүүхэд бага байх тусмаа тархи нь илүү уян зөөлөн байдаг учраас эмчилгээ төдийчинээ үр дүнтэй болдог байна.

100 хүн тутмын нэг нь аутизмын спектрийн алдагдалд өртөх магадлалтай гэж тооцдог ажээ.

Судлаачдын үзэж байгаагаар, шинэ судалгаа нь улаан бурхан, улаанууд, гахайн хавдрын вакцин болох MMR нь аутизм үүсэхэд нөлөөлдөг гэсэн түгээмэл төөрөгдлийг бүрмөсөн арилгах ажээ. Тэдний ярьснаар, ийм төөрөгдөл арилахгүй байгаагийн цаад учир шалтгаан бол вакциныг чухамхүү аутизмыг оношилдог тэр насанд нь буюу хүүхдийг хоёр ойндоо хүрснээс хойш хийдэг явдал ажээ.

Судлаачдын нэг болох профессор Жозеф Пайвен  хэлэхдээ "туршилтын дүн ихээхэн найдвар төрүүлж байна" гэлээ.

Харин Үндэсний аутизмын холбооны дэргэдэх Британийн аутизмын төвийн захирал Кэрол Пови хэлэхдээ "иймэрхүү алдагдал үүсэх хэд хэдэн шалтгаан байж болно, тиймээс хэдийгээр хурдан нэвтэрсэн байлаа ч гэсэн оношилгоог нэг сорилоор хязгаарлах нь учир дутагдалтай" гэжээ.

“MRI-гаар сканердах нь аутизмтэй хүүхдийн гэр бүлийнхэнд дараа дараагийн хүүхдүүдээ аль болохоор эрт оношилсноор хүүхдээ зөв асрах боломж нэмэгдэх талтай. Гэсэн хэдий ч ердөө ганцхан сорил нь бүх хүнд аутизмыг илрүүлэх магадлал бага шүү дээ” гэж Пови ярьж байна.

Аутизм үүсэх тодорхой шалтгааныг одоохондоо сайн тогтоож чадаагүй байгаа, гэхдээ энэ эмгэгийн цаад үндэс шалтгаан нь генийн механизм байдаг бөгөөд тэр нь төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг алдагдуулдаг байна.

Аутизмын спектрын алдагдлыг залруулахад сэтгэл зүйн эмчилгээ, тусгай хүмүүжүүлэх хөтөлбөр, түүнчлэн Pokemon Go зэрэг мультимедиа тоглоомуудыг ашигладаг байна.

О.Барс

 

Холбоотой мэдээ