Дотуур байрын хүүхдүүд хоногийн хоолны зардлаа нэмэгдүүлэхийг хүсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-18 12:30:50

Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн нэг өдрийн хоолны төсөв хэт бага байгаагаас өлсдөг тухай хүүхдүүд хэлж байна. Хоолондоо цаддаггүйгээс аав ээжийнхээ өгсөн мөнгөөр жигнэмэг, гурилан боов, бэлэн гоймон зэрэг хямд үнэтэй хүнс авч иддэг. Энэ бол бүтэн жилийн 250 гаруй хоногт нь дотуур байранд аж төрдөг хүүхдүүдийн хувьд тулгамддаг эхний асуудал болдог байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 27- ны өдрийн тогтоолоор ЕБС болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг 2315 төгрөгөөр тогтоосон байдаг. Сүүлийн 4 жилийн ханшийн өсөлтийн дэргэд энэ бол хэт бага, бодит бус зардал болж байна. Тиймээс дотуур байрын хүүхдийн хоногийн хоолын зардлыг өсгөж, хоолны амт чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарал хандуулна уу гэж аймгийн хүүхдийн чуулганы үеэр хүүхдүүд шийдвэр гаргагчдад уламжилсан юм.

Түүнчлэн дотуур байранд өөрт нь туслаж, ээж аав шиг нь ханддаг тийм дотно харилцааг хүсч байгааг хүүхдүүд илэрхийлсэн. Дотуур байр ганц багш, ээлжийн гурван жижүүртэй. Багш хүүхэд бүртэй тулж ажиллаж үнэхээр амждаггүй учраас жижүүр гээд зүгээр л үүд “манаад” сууна гэж ойлгодог гурвын гурван хүний оронд багш мэргэжлийн хүн ажиллуулж, ээлжийн багштай болох нь хүүхдүүдэд илүү тустай. Багш өдрийн цагаар ажилладаг. Орой хүүхдүүд хичээл даалгавараа хийхдээ туслалцаа авах хүнгүй, ялангуяа бага ангийн сурагчдад байнгын туслалцаа шаардагдаж байдгийг хүүхдүүд хэлсэн юм.

Мөн эцэг, эхчүүдийн үүрэг оролцоог өндөржүүлэх хэрэгтэй гэлээ. Намар хичээл эхлэхэд л хүүхдээ дотуур байранд авчирч орхиод улирлын амралт хүртэл эргэж тойрдоггүй эцэг эх олон байна. Утсаар ярьж, мөнгө явуулдагаа өөрсдийн хайр гэж битгий бодож байгаач ээ гэдгийг хүүхдүүд илэрхийлж байлаа.

Дундговь аймгийн хувьд ЕБС- ын 19 сургуультай. Үүний 16 нь дотуур байртай бөгөөд үүнд 820 гаруй хүүхэд аж төрж байгаа юм

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ