Гаомигийн үлгэрүүд

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-02-20 11:41:42

Мо Янь “Дарсны орон” романдаа Хятад түшмэдийн зугаа цэнгэл, бодит байдлыг Эртний Хятадын домог түүхтэй уялдуулж ёгтлон бичсэн буй. Европын зарим судлаачид энэ романыг “Хятад ахуйн нэвтэрхий толь” хэмээдэг.

Зохиолч 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Нобелийн шагнал хүртэх мөчдөө академийнханд “Түүх өгүүлэх хүмүүн” сэдэвтэй илтгэл тавихдаа: “Шведийн Академийн эрхэм гишүүд ээ, энэ удаа би Хятадын зүүн умард нутагт орших Гаоми нэртэй бяцхан тосгоны тухай өгүүлэхийг хүслээ. Тэр тосгонд 90 дөхсөн өвгөн эцэг минь, эхнэр хүүхэд, ах, эгч, ой гуравхан сартай зээ охин минь бий. Гэсэн хэдий ч энэ үест сэтгэл бодлыг минь хамгаас ихээр эзэмдэж буй нэгээхэн хүнийг олж харахгүй л болов уу. Анд нөхөд минь миний баяр баясгаланг хуваалцах ч элбэрэлт эх минь дэргэд алга даа. Ээж минь 1922 онд энэ хорвоод мэндэлж, 1994 онд будант орчлонг орхисон юм. Ээжийгээ тосгоны зүүнтээ орших чангаанзны цэцэрлэгт оршуулсан бөгөөд хэдэн жилийн өмнө тэр газраар төмөр зам тавих болж, булшийг нь зөөж билээ. Тэгэхэд авс нь илжирч, ээжийн минь араг яс газар шороонд уусч эхэлсэн байв. Чухам энэ л үеэс би гэдэг хүн ээжийгээ эх дэлхийдээ шингэснийг ухаарч, энэ л газар шороон дээр зогсож өгүүлэх юм бүхэн маань түүний сонорыг мялаана хэмээн сэтгэх болсон доо” хэмээн эхлүүлсэн байдаг. Яг л нэг баримтат зохиол гунигтай эхлэх шиг санагдаж байгаа биз дээ.

Түүний роман хийгээд өгүүллэгүүдэд нэг ижил зүйлс ажиглагддаг. Мо Янь үргэлж л дотор зарсхийлгэм аймшигтай түүхийг маш энгийнээр өгүүлдэг. Тэгээд ч энэ нь уран зөгнөлт өгүүллэг үү, энгийн нэг түүх юм уу, эсвэл шидэт үлгэрүүд үү гэдгийн аль нэгийг нь оноож хэлэхэд хэцүү. Үнэндээ бүгд л нэг дор уусч нэгдээд, уншсаны дараа зүүдэлсэн мэт мэдрэмж төрүүлнэ.

“Дарсны орон” бол энгийн нэг уншигчдад сонирхолтой боловч, аймшигтай түүх мэт санагдана. Бичлэгийн шинэ хэв маяг, зохиомжийн онцгой байдлыг бий болгосон нь түүний гавьяа. “Дарсны орон” романд Булгаковын “Мастер Маргарита” шиг хоёр шугамд зэрэг урсах үйл явдал бүхий онцгой зохиомж байдаг. Багш, шавь хоёрын уран зохиолын тухай яриа. Мо Яньд, Ли Идоу өөрийн бичсэн есөн өгүүллэгийг явуулдаг бөгөөд тэр бүрт нь хүндхэн цаг үеэ шүүмжилсэн, нийгмийн үнэн дүр төрхийг хайр найргүйгээр илчлэн гаргасан байдал илт мэдрэгдэнэ. Хүүхдийн махаар хооллож, хүч тамираа сэлбэдэг эрх мэдэлтнүүдийн олноос нуун далдалсан үйлдэл хийгээд “Илжгэн чихт гудамж”-ны түүхүүд уншигчдыг айдастай нь цуг зохиолын эцэс төгсгөлгүй зөрчилт хэсэг рүү чирсээр байдаг.

Энэ талаар Мон Янь нэгэнтээ “Зохиолч хүн бол нийгмийн хар бараан талыг илчлэн гаргаж, шүүмжилж, хүний ертөнцийн муу муухайг уудлан үзүүлэх ёстой. Магадгүй хэн нэгэн гадаа гудамжинд гараад орилж, уур бухимдлаа илэрхийлдэг. Гэвч өрөөндөө нуугдаад, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байгаа хүмүүсийн дуу хоолойг утга зохиолоор дамжуулан нийгэмд хүргэх нь миний үүрэг” хэмээн ярьсан буй. Хятад шиг хууль, цаазыг ягштал баримталдаг улс оронд нам засгаа шүүмжилсэн зүйлс бичих нь хэцүү тухай олон зохиолч ярьсан байдаг. Харин Мо Янь бол “нам засгаа өддөггүй” хүн хэмээн шүүмжлэгчид тодорхойлдог. Минийхээр бол тэр чигч шударга, үндэсний үзэлтний дүрээр эрх мэдэлтнүүдийг хатуу шүүмжилдэг. Зохиолуудынх нь далд утга хийгээд бэлгэдлийг тайлахад нэн төвөгтэй. Магадгүй таны хажууд хятадын ёс заншил хийгээд тооны бэлгэдлийн бүрэн нэвтэрхий толь байхгүй бол энэ нь хэцүү ажил гэдэгтэй хүн бүр санал нэгдэнэ. Гэвч миний хувьд утга зохиолд үүнээс илүү чухал зүйл байдаг мэт санагдана. Энэ нь өгүүлэмж бүрийг хооронд нь холбосон титал шугамнуудыг анзаарч харах үйл явц юм. Оршил маань жаахан нуршуу болчихов уу, яав. Тиймээс энэ хүргээд гол ажилдаа оръё.

Хятадын зүүн умард нутагт орших Гаоми тосгон түүний бүтээлд хар дарсан зүүд шиг үлгэрийн амьсгал бий болгодог. Хүмүүсийн ярианд автамхай, энгийн зүйлсийг хачин муухай төсөөллөөр баяжуулж боддог жаал байсан нь түүний “Эргэлт” хэмээх баримтат туужаас ажиглагдаж байсныг энд тэмдэглүүштэй. Орчуулагч Б.Баясгалангийн эмхэтгэсэн “Аварга том далавчтай өвгөн” өрнө, дорнын шилмэл өгүүллэгийн түүвэрт Мо Янын “Дом” хэмээх өгүүллэг орчуулагдсан нь бий. Маш хүнд өгүүллэг гэдэгтэй би бүрэн санал нэгддэг. Орчуулагч маань ч өөрөө ярилцан суухуй дор “Нобелийн шагналт, хятад зохиолч Мо Янын “Дом” гэж өгүүллэгийг орчуулахад л жаахан эвгүйцэж, дотор зарайж байсан. Сохор эхийгээ эмчлэх гэхдээ Соёлын хувьсгалчдын хүн цаазлан хороодог газар хүүтэйгээ очиж нуугдаж байгаад буудуулж үхсэн ялтнуудын хүүрийг өвчин цөсийг нь авч буй эрийн тухай, их хүнд өгүүллэг л дээ. Нэг найз маань заавал ийм өгүүллэг номондоо оруулах хэрэг байсан юм уу гэж хүртэл асууж байсан. Уран зохиолын бас л нэг өнгө шүү дээ” хэмээн хариулж байсан удаатай.

Нэгэнт ямархуу үйл явдалтай өгүүллэгийн талаар зориглон бичих гэж буйг минь уншигчид мэдлээ. Сохор эгчийгээ эмчлэхийн тулд цаазлуулж үхсэн ялтны цээжийг мэсээр сийчин онгичиж дотроос нь цөсний хүүдий авдаг эцэг, хүү хоёр тус өгүүллэгийн гол дүр нь юм.

“Жиао голын гүүрэн доогуур үхэгсдийн сүнс тэнүүчлэн гүйх шиг...”Тасхийм хүйтэн жавартай үүрээр аав хүү хоёр цаазлах үйл ажиллагаа явагдахаас өмнө тэнд хүрнэ. Үйл явдал өрнөхөөс өмнөх ахуй ч энгийн хэрнээ нэг л айдас хургасан мэдрэмж төрүүлдэг. “Аавыг буурцагны тосон дэнлүү асаах хүртэл өрөө тас харанхуй байлаа” гэх буюу “Хөл гарын хурууд маань бээрээд муурын шүдээр мэрүүлчихсэн юм шиг мэдээ “алдарчээ” эсвэл “Энд өчнөөн олон хүн цаазлуулж байсан болохоор төрлөө олоогүй сүнснүүд одоо хэр нь тэнүүчилцгээж байгаа биз” зэрэг нь үйл явдлын шугамд чиглэгдсэн ахуйг дүрслэлээр бүтээж буй явдал юм. Ямарч сүнс, хий үзэгдэл байхгүй ч гэлээ байгаа мэт мэдрэмжийг хэлний амьд бүтэц бий болгож чаддаг. Үүнийг л Мо Янь харуулахыг зорьсон хэрэг. Хүний хүүр өвчиж, цөсний хүүдийг нь олохын тулд хамаг л эд эрхтнийг нь араатан мэт тарааж хаях эцгийгээ хараад хүү хөшиж орхидог. Гагцхүү тэдний хамгийн бишрэлт хүмүүн Ма Кусайн гэх эрхэм эхнэр болоод дүүгийн хамт цаазлуулахаар болсон нь хүндхэн явдал байв. Тэднийг юунд ийн ялд унагасныг үл мэдэн хорсох авч басхүү хэн нэгнийг цаазлахгүй бол яана хэмээн зовнино. Мо Янь ийнхүү зохиолын дүрүүдийг аймшигт үйлдэл хийхээс аргагүй нөхцөл байдалд оруулж буй юм.

Тархи нь газраар нэг тарчихсан байхад Ма Кусайны зүрх нь цохилж байдаг. Мөнхүү цаазлах явдал болохоос өмнө аав, хүү хоёр гүүрэн дор зогсч байхдаа намаас урван тэрслэгчдийг барих ажилтай гүйцэтгэх ангийн ажилчид нэгэн залууг барьж чадалгүй алдахыг морин төвөргөөн, хүмүүсийн ярианаас сонсдог. Тэрхүү зугтаж одсон хүн урван тэрслэгч байгаагүй нь лавтай. Ямартай ч цаазлах ялнаас мултарчээ. Мөнхүү үхлээс зугтаж чадаагүй Ма Кусайны зүрх оюун ухаан нь мөхчихөөд байхад ч цохилсоор байна. Ерөөс зохиолын бэлгэдэлт чанар гэдэг энэ. Анхнаасаа болох тодорхой зүйлсийг далд өгүүлэмжээр баяжуулан санаагаа нууж, уншигчдыг төөрөлдүүлж орхиод эцэст нь гарах гарцгүй байдалд оруулна. Дээрх үйл явдлуудын холбоосыг сайтар ажиглаж, унших тоолонд гуйвшгүй эр зоригт байдал мэдрэгдэнэ.

Мо Янын зохиолд өгүүлэгдэх үйл явдлын шугам эхлэхээс өмнөх ахуйг гайхалтай бүтээж чаддаг. “Тэгтэл тэнгэрийн зүүнээс цусан улаан хүрээ татуулсан наран урган дээшилж, хатавчны сиймгэр үүлс нь жодоо модны дээгүүр малгайлсан навчис шиг тодрон манхайлаа” хэмээсэн нь Хятадын уран зохиолын шинэчлэлд тооцогдож баруунд өндрөөр үнэлэгдсэн юм. “Дарсны орон” романд бол та алхам тутамдаа хятад ахуйн зураглалуудыг харж болно. Харин “Дом” өгүүллэгт болж буй үйл явдлыг тойрон орших дүнсгэр саарал ахуйн дүр зургуудыг үзнэ.

Тус өгүүллэг бол чөтгөр шулмасын үүр болчихсон дэлхий, ертөнцийн бузар булай бүхнийг дэлгэн харуулсан. Гагцхүү тэр бүгдийг арилгаж, харанхуйг гэрэлтүүлэх хүч хүмүүсийн дотор цаг үргэлж оршин байдаг гэдгийг “үхлээс мултарсан үл мэдэгдэх баатар”, “тархи нь газраар нэг урсч байхад цохилж буй зүрх”, “цөсний хүүдий” зэргээр төлөөлүүлсэн билээ. Хэдийгээр уншихад хүнд ч гэлээ цаад утга санаагаараа уншигчдын сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. Үүнийг л бид уран зохиол гэж ярьдаг шүү дээ. Тэгээд ч үүнийг батлахад нэг л өгүүлбэр хангалттай. “Аавын бараан дүрсэн дунд нуман хэлбэрт хутга нь хачин гоёор гялалзаж харагдана”. Аав нь цогцос сийчихэд нэгэнт бэлэн болж, сэтгэл зүрхээ чангалж, эр зоригтой болсныг хүүгийнх нь бодлоор ийнхүү дүрсэлжээ. Жинхэнэ “төгс” гэхээс өөр зүйл хэлж үл чадна. Хэчнээн бузар булай бүхэн нүднийх нь өмнө амилж байвч бурхны хайр хишиг үргэлж дэргэд байдаг гэх бодлоор бид аж төрөхүйгээ тэтгэж амьдралыг сайхнаар харж чаддаг.

Гаоми тосгонд үнэхээр олон зүйл нууцаар өрнөж тэр бүхэн нь үлгэр болж үлддэг байсан мэт. Мо Янь бага насандаа эдгээрээ өөрийнхөөрөө төсөөлж, ургуулан боддог байсан нь мэдээж. Түүнийгээ “Эргэлт” тууждаа ч хангалттай дурдсан байдаг.

Гол нь үлгэрүүдийг хэрхэн гоёор урлаж, хүмүүст хүргэх вэ гэдэг л чухал. Түүнээс бус үлгэр уншиж хүүхдүүдийг нойрсуулах арга Хюготой хамт өнгөрсөн зуундаа л үлдсэн.

Харин өнөөдөр бид хүүхдүүдийн нойрыг сэрээж чаддаг үлгэрийг зохиох нь чухал санагдана. Яг л “Дом” өгүүллэг шиг... Магадгүй Мо Янын хувьд элдэв үлгэрүүд нэгт, уран зохиол нь ямагт хоёрдугаарт байдаг байх. Хамгийн гол нь чөтгөрийн бүтээсэн бодит ертөнцийг бидний өмнө дэлгэн үзүүлж, жинхэнэ Хятадыг нээж өгсөн нь түүний гавьяа бөгөөд Цао Сюэциний адил цоо шинэ нээлтүүд хийж түүнийгээ  даруухнаар магтдаг чанар нь Нобель хүртэхэд нөлөөлсөн биз. Нийгмийн харгис хэрцгий дүр зургийг далд утгаар илэрхийлэх стандартыг Гаомигийн үлгэрүүд нэгэнт тогтоочихсон гэдэгтэй хэн маргах билээ.

Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ