Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг үе шаттай тодорхойлно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-02-20 15:41:38

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн өнөөгийн байдал, уялдаа холбоо, цаашдын чиг хандлагыг үе шаттай тодорхойлж, дэлхийн бусад улс орны жишиг, дэвшилтэт арга технологийг авч хэрэгжүүлэх талаар нэгдмэл ойлголт, үйл ажиллагааны зорилтуудаа хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн өнөөдөр Хууль сахиулах их сургууль /ХСИС/-ийн Хурлын танхимд болсон “Оюуны өмч, улсын бүртгэлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Д.Батболд илтгэлдээ онцлов.

Энэхүү ЭШБХ-д Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-ын удирдлага, газар, хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч, улсын ахлах бүртгэгч, ахлах мэргэжилтэн, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нар, хяналтын улсын байцаагч, улсын ахлах бүртгэгч нар, эрдэмтэн багш, судлаачид бүхий 200 шахам төлөөлөгч болон ХСИС-ийн 3-4 дүгээр дамжааны сонсогчид оролцов.

ОӨУБЕГ-аас зохион байгуулж буй тус ЭШБХ-аар өнөөдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, Иргэний улсын бүртгэл, Хуулийн этгээдийн бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Сонгуулийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалт гэсэн дөрвөн чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн ойрын болон үйл ажиллагааны хэтийн зорилтоо тодорхойлох аж. 

Эдгээр чиглэл бүхий салбаруудаас Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хувьд бусдаасаа харьцангуй залуу буюу 20 шахам жилийн түүхтэй шинэ салбар. Иймд ОӨУБЕГ-ын үндсэн зорилго нь иргэнд суурилсан төрийн бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, иргэний эрхийг хангах, төрийн ой санамжийг бүрдүүлэх, бэхжүүлэх, Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэх оюуны өмчийн тогтолцоог улам бүр хөгжүүлж, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, оюуны өмчийн эрхийн хэрэгжилтийг хангах, мөн шинийг санаачлах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээр болон Монгол Улсын хөгжлийн өнөөгийн шаардлагад нийцүүлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг жишигт хүргэхэд оршиж байгаа аж. 

Тус газрын үйл ажиллагааны зарчмын хувьд нэгдмэл тогтолцоо арга зүйтэй байх, төвлөрсөн удирдлагатай байх, хараат бус бие даасан байх, мэдээлэл үнэн зөв бодитой, шуурхай байх юм. Мөн улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх болон улсын бүртгэлийн үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, нууцыг чанд хадгалах тусгай зарчмыг онцлон баримталдаг.

Д.Өлзий

Холбоотой мэдээ