“Үндэсний цом” тэмцээний эхний тоглолтод Дарханчууд ялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-20 14:11:26

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн даваа гарагт Спортын төв ордонд эхэллээ.

Тус тэмцээний эхний тоглолтод Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Улсын гарьд М.Баяржавхлан нараар удирдуулсан Дархан-Уул болон Завхан аймгуудын хооронд болж Дарханы шигшээ баг өрсөлдөгчөө нэмэлт цагт 84:80-аар буулган авч, хэсгийн анхны хожлоо авлаа. Тэднээс Г.Ихбаяр багаа тэргүүлэн, 22 оноо, зургаан удаа самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэсэн бол О.Ууганбаяр 13 оноо, 7 удаа самбараас бөмбөг авчээ. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын хувьд энэ тоглолтод 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэжээ.

Харин эхний тоглолтдоо харамсалтай хожигдол хүлээсэн Завхан аймгийн шигшээ багаас А.Гансүх 24 оноо 10 самбар, Н.Нямдорж 17 оноо, гарьд М.Баяржавхлан 3 самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэсэн байна.

“Үндэсний цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа багт тухайн аймгийн харъяат, олны танил алдартнууд багтсан гэдгээрээ онцлогтой. "Үндэсний супер лиг"-т тоглодог дөрвөн тоглогч, нутгийнхаа залуустай нэгдэн, нэг баг болон өрсөлдөж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ