“Эрүүл ирээдүй” хөтөлбөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-21 10:08:31

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт “Эрүүл ирээдүй” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталлаа.

-“Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн зорилтот бүлгийг хүүхэд, өсвөр үе, залуучууд болон нийгмийн идэвхтэй бүлгийн иргэдээр сонгож, ирээдүйд буй болох эрсдэл, хорт зуршил, буруу хэрэглэснээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын өөрчлөлт хийж байна. Энэ хөтөлбөрт жилд дундажаар 112,0 сая төгрөг зарцуулж байхаар төлөвлөсөн гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа хэллээ.

Өнгөрсөн 4 жилд “Архигүй Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр архинд донтох эмгэгтэй хүний тоо жилд дундажаар 80 хувиар буурч, 40 гаруй иргэн архины хэрэглээнээс татгалзсан үр дүн гарчээ. Харин архинаас гадна цахим тоглоом, дэлгэцэнд донтох өвчтэй 2 хүүхэд, эмэнд донтох өвчтэй насанд хүрсэн 1 иргэн бүртгэгдсэн байна. Хар тамхи, мансууруулах төрлийн бодис, ургамал хэрэглэж хуулийн байгууллагаар шалгагдсан иргэд ч байдаг.

Тиймээс аливаа донтох эрсдэл, хорт зуршил, амьдралын буруу зан үйлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгох, эерэг хандлага төлөвшүүлэх үйл ажиллагааг гэр бүл, цэцэрлэг, сургууль, байгууллага хамт олны түвшинд зохион байгуулж, үр дүнг тооцож байхаар хөтөлбөрийг батлаад байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ