Бүдгэрүүлж болохгүй өв

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2017-02-21 11:57:20

Алтайн хөх уулсын цэнхэр манан хөшиглөн буусан хөндийд товшуур хөгжмийн аялгуу эгшиглэж тууль хайлахад лус савдгууд нүүдэлчдийн хотноо айлчлан ирдэг хэмээнэ. Тууль нь манай орны аман зохиолын хосгүй өв уламжлалын нэг билээ.

Ардын энэхүү хосгүй өв уламжлалыг хилийн чинадад сурталчилж яваа туульч, цуурч, хөөмэйч Э.Баатаржав Богд Хааны ордон музейн "Хаан туульс"-ын өргөөнд “Алтан шар нартад буман жилийн зун авчирсан Баянцагаан өвгөн” туулийг хайлсан юм.

Тэрбээр Алтайн Урианхайн удам дамжсан туульч бөгөөд Дэлхийн урлагийн маэстро, “Испанийн хун тайжын шагналт”, “Дэлхийн ардын урлагийн 30 дугаар наадмын тэргүүн шагнал" зэргийг хүртэж байжээ. 2006 оноос хойш хот хөдөөгийн хүүхэд залуучуудад тууль, цуур, хөөмэй зэрэг уламжлалт урлагаа өвлүүлэн үлдээх зорилгоор олон төрлийн сургалт зохион явуулж буй нь нэн олзуурхууштай.

“Алтан шар нартад буман жилийн зун авчирсан Баянцагаан өвгөн” нь  2017 оны “Хаан туульс”-ын өргөөний хаалтын тууль юм. Тус туулийг ирж буй сайн цагийн эхэн, урин дулааны эхлэл болсон хаврыг угтан хайлах ёс нэгэнт тогтсон байдаг ажгуу. Учир нь энэхүү туулийг хайлснаар цэцэг, ногоо арвин дэлгэрч, хур бороо элбэгшин хүн малд зовлонгүй, өргөн дэлгэр сайхан зуныг бэлгэддэг байна.

Мөнхүү тууль нь хатуу, зөөлөн гэсэн хоёр янз байх бөгөөд буян хишиг дуудах айлд "Аргын өнчин яргай”, “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн” гэх зөөлөн туулийг хайлдаг ажээ.

“Олонд алдартай үлгэрч, туульчид болбоос нүүдэлчин монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвууланг нэгэн зэрэг орлож, нэг жүжигчинтэй театрын үүргийг гүйцэтгэж байсан” хэмээн академич Ц.Дамдинсүрэн өгүүлсэн нь бий. "Баян цагаан өвгөн” туулийг хайлах үеэр МУГЖ Л.Дэмидбаатартай хөөрөлдөх зуур тууль бол “монодрам”-ын нэг хэлбэр юм шүү дээ хэмээн хэлж байв. Нэг талаас туйлширсан мэт харагдаж болох ч ор үндэсгүй зүйл биш мэт санагдана.

Тууль хайлахад тогтоосон нарийн дэг журам үгүй ч туулийг цээжлэлгүй үйл явдлыг нь оюун ухаандаа сайтар тогтоож өөрийн цэцээр аялгуулан дуулдаг учиртай.

1804 онд Германы эрдэмтэн Б.Бергманн анх удаа Халимаг монголчуудаас туулийг сурвалжлан тэмдэглэж, хэвлэн нийтлүүлснээс хойш 200 гаруй жилийн хугацаанд “монгол тууль” хэмээх бие даасан судлагдахууны хүрээ бий болсон юм.

“Сүмбэр уулыг дов байхад, Сүн далайг шалбааг байхад” хэмээн баатарлаг туульс, үлгэр домог сонсоогүй монгол хүн үгүй биз ээ. Эрт дээр үеэс ард олны ам дамжин уламжлагдаж ирсэн аман зохиолын бүхий л төрөл зүйлийн цогцлол нь туульд шингэсэн байдаг.

Тууль хайлахуй

“Баян цагаан өвгөн” туулийг өглөөний 11 цагаас эхлэн бүтэн 12 цагийн турш үргэлжлүүлэн хайлж дуусгах тухай хөтөлбөрт тэмдэглэсэн байв. Туулиа хайлахын өмнө Э.Баатаржав гэрт цугласан хүмүүст “Нүдээ аниад үйл явдлыг сайтар ойлгон, өөрөө дунд нь оролцож буй мэтээр оюун ухаанаа ганцхан хөгжмийн эгшиг, туулийн үйл явдалд захируулж сонсох хэрэгтэй. Тэгвэл тууль тийм ч урт бус харин ч богинохон санагдана” хэмээсэн юм.

Мөнхүү хоймрын авдар дээр төрөл бүрийн товшуур хөгжим өрж наахан талд нь шинээр засварлан урласан “алтай ятга”-ыг залжээ. Тууль хайлах товшуураа ч Э.Баатаржав туульчид дээш өргөн залж толгойд нь уясан цагаан хадаг тэргүүтнийг тайлж авлаа. Үүний дараа гэрийн өрхийг жаахан завсар оруулж нээсэн бөгөөд түүгээр нь замбуулингийн буман амьтан орж, гарч байх учиртай гэнэ.

Эхлээд “Алтайн магтаал” туулийг хайлав. Товшуурын хоёр утсан дээр туульчийн гар бороон дусал газарт унах шиг дэгдэж эхлэхүйд домборын аялгуу эгшиглэх шиг их л эртний хөгжим дуурьсах мэт болно. Өөрийн эрхгүй нүдээ анихуй дор Э.Баатаржав туульч хүмүүстэй ярьж байснаасаа огт өөр хоолойн өнгөөр туулиа хайлж эхлэв.

Монгол туулийн гурван сүмбэр оргил нь “Жангар”, “Гэсэр”, “Алтайн магтаал” байдаг ажгуу. “Алтайн магтаал” нь өвөрмөц шинж тэмдэг, утга агуулга, хэлбэр дүрслэл, хайлах арга, ач холбогдол, түүхэн уламжлалтай аман зохиол, зан үйлийн бүтээл юм. Урианхайн туульчид тууль хайлахаас өмнө “Алтайн магтаал”-ыг хайлдаг заншил нэгэнт тогтсон байдаг ажээ.

Туульд Алтай уулсын сайхан байгаль, ан араатан, ургамал жимс, янз бүрийн хэлбэртэй хад асга, рашаан булаг, усыг тодорхой дэс дараалалтайгаар магтдаг. Тухайлбал дөрвөн зүг, дөрвөн талаас нь үзэж магтах, дээрээс эхлээд доод хэсгийг нь хүртэл магтах, дөрвөн улирлын байдлаар салган ангилж магтдаг байна. 

Нүдээ анин сонсохуй онгон дагшин байгалийн дунд модод сэрчигнэж, гол ус хоржигнон урсахыг чимээлэн алхаж байх шиг санагдан, хүний сэтгэлийг ариун тунгалаг болгох ид шид оршдог нь улам ч мэдрэгдэх шиг болно.

Бүдгэрүүлж болохгүй өв

Монголчууд эрт дээр үеэс уул ус тахих, ан авд мордох зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлж ирсэн уламжлалтай. Харин энэ удаад хаврын сарыг угтан “Буман жилийн зун авчирсан Баянцагаан өвгөн” туулийг хайлсан нь энэ. 

Ер нь тууль тухайн улс орныг өөрсдийн гэсэн хэл соёл, өвөрмөц заншилтай туурга тусгаар улс гэх нэрийн баталгаа болдог. Тиймээс ч тууль хайлах энэхүү хосгүй уламжлалыг суурин иргэншлийн соёлд бүдгэрүүлчихэлгүй авч явах хэрэгтэй.

Түүнээс биш тууль хайлах уламжлалыг уран сайхны аргаар ашиглаж болохгүй. Өөрсдийн нэр төрийг өргөх, хэрэгцээг хангах зорилгоор туулийг хайлах явдал бишгүй байдаг.

Зарим нэг хүмүүс Богд хааны ордон музейд тууль хайлах явдлыг дээрхтэй холбож байлаа. Гэвч энэ нь мартагдах шахаж буй аман өвийн хосгүй уламжлалыг түгээн дэлгэрүүлэх гэсэн оролдлого юм. Тэгээд ч хаврын эхэн сарыг угтаж уг туулийг хайлдаг уламжлалыг ч зөрчсөнгүй.

Монголчуудын бусдаас ялгарах гол шинж, нүүдэлчдийн сэтгэлгээний чиг хандлага, шугаман бус оюун ухааны онцлог нь бүхэлдээ туульд шингэсэн. Эх хэлний минь баялаг өв ч “Жангар”, “Гэсэр”, “Эрийн сайн хан Харангуй” зэрэг томоохон туульсын мөр, шад бүхэнд нь оршин байдгийг ч хэлэх хэрэгтэй.

Магадгүй аль нэг томоохон театрт хошин шогийн тоглолт болоход зуу зуугаар очдог хотын иргэдээс тууль хайлах өргөөнд 20 гаруйхан хүн цугласан нь харамсалтай. Угтаа “Баян цагаан өвгөн” туулийг нэг удаа сонсох нь уншиж мэдэхгүй төвд сударт гурвантаа мөргөж адис авснаас илүүтэй юм.

Аль ч улс гүрэнд суувчиг төрсөн нутаг, эцэг эхээ зүрх сэтгэлдээ хадгалж явдаг монголчуудын хувьд тууль бол эх орон нь билээ. Судлаач Т.Баясгалан “Туулийг алдана гэдэг бол газар нутгийнхаа талыг алдаж байгаатай адил” хэмээсэн буй.

Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ